ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН ЧАДАВХЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2017 оны 09 сарын 20

Нээлттэй нийгэм форум 2016 онд Монгол Улсын хэмжээнд Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдлын судалгааг хийсэн. Судалгааны дүнгээс үзэхэд иргэдэд өдөр тутам тулгамдаж буй эрх зүйн үр дагавар бүхий бэрхшээлүүдийн дотор ажил эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд хамгийн өндөр хувийг эзэлж байна. Өөрт тохиолдож буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар хоёр хүний нэг нь тодорхой үйлдэл хийхгүй байгаа бөгөөд үүнийхээ шалтгааныг 60 гаруй хувь нь “юу ч хийгээд нэмэргүй”, “юу хийхээ мэдэхгүй” гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчлэлийг сайжруулах зорилго бүхий Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байна.

Энэхүү зорилтын хүрээнд Нээлттэй нийгэм форум Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ, ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ” хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэг, чадавхын үнэлгээг хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, үндэсний хөтөлбөр боловсруулах, иргэдэд эрх зүйн боловсрол, туслалцаа олгох тогтолцоог бий болгох зэрэг ажлыг хийнэ.

Энэ хүрээнд Нээлттэй нийгэм форумаас хийсэн иргэдийн эрх зүйн хэрэгцээ, шаардлагын судалгааны үр дүнг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг 12 дугаар сарын 1-ний өдөр эхлүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт Нээлттэй нийгэм форумын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар гарын үсэг зурсан юм.

Хууль сахиулахын их сургууль дээр болсон өнөөдрийн хэлэлцүүлэгт Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, иргэд, хуульчид, иргэний нийгмийн 250 гаруй төлөөлөгч оролцлоо.

Иргэдийн эрх зүйн хэрэгцээ, шаардлагын судалгааны үр дүнг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг энэ сард бүсчилэн зохион байгуулна. Тодруулбал Хэнтий, Ховд, Өвөрхангай аймагт 12 дугаар сарын 5, 9, 14-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мэдээ мэдээлэл