Ж.ХУНАН: ХУУЛЬ ЗҮЙН АНХАН ШАТНЫ ЗӨВЛӨГӨӨ ИРГЭДИЙН МАШ ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДНА

2017 оны 10 сарын 01

-Хууль зүй, дотоод хэргийн яам болон Нээлттэй нийгэм форумаас 2016 онд хийсэн судалгаагаар ажил эрхлэлт, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хүндрэл иргэдийн өдөр тутамд байнга тулгадаг гэж гарсан байна лээ. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гаргадгаас энэ бүхэн үүдэж байна уу. Эсвэл иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дутмагтай холбоотой юм болов уу?

-Нэг талаасаа иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаатай холбоотой. Өөрт шаардлагатай мэдээллээ олж авахдаа төвөгшөөдөг, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхийн төлөө хичээл, зүтгэл гаргахаа больсон. Цахим хэрэглээ нэвтрэхээс өмнө хүн болгон ном, сонин уншдаг, асуудал тулгарлаа гэхэд яаж шийдвэрлүүлэх үү гээд хөөцөлддөг байлаа. Шаардлагатай гэвэл телевиз, сонинд хүртэл захидал бичих замаар өөрт хэрэгтэй мэдээллээ олж авдаг байсан. Гэтэл өнөө цагт иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ нэмэгдэж асуудлаа шийдвэрлүүлэхээр хөөцөлдөхөөсөө илүү, шүүмж хэлэх, төр бүхнийг хийх ёстой мэт хандаж байна. Энэ нь дээрх хүндрэл бэршээл үүсэх болсон нэг шалтгаан. Уншиж, судлаж, арга хэмжээ авч байж л тулгамдсан бэрхшээлээ шийдвэрлүүлэх арга замыг олно биз дээ. Нөгөө талаасаа төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж, төрийн үйлчилгээг зохицуулж буй эрх зүйн зохицуулалт төдийлөн сайн биш байна. Төдийлөн сайн биш гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр орон нутагт гэхэд нэг мэргэжилтэн маш олон асуудлыг хариуцдаг байх жишээтэй. Ингэхээр нөгөө ажилтан нь үндсэн ажлаа хийх үү, эсвэл бусад үндсэн чиг үүргээс гадна ажлаа хийх үү гэдгээс эхлээд асуудал үүсдэг. Хууль, түүнийг дагаж гарч байгаа бусад журам, эрх зүйн актууд нь хоорондоо зөрчилддөг, тодорхой биш байдаг зэрэг нь нөлөөлдөг. Тэгэхээр хоёр талтай болж таарч байгаа биз. Нэг талаасаа иргэдийн мэдлэг, идэвх, чадавх сул байна. Нөгөө талаасаа төрийн хууль, дүрэм, журам, захиргааны байгууллагын үйлчилгээний хүртээмжийн асуудалтай холбоотой. Энэ асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх вэ гэхээр аль аль талын чадавхийг нэмэгдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох ажлыг боловсронгүй болгох. Иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгаа гэхээр хуулийн зүйл заалтыг яг тэр чигээр нь хэлж өгнө гэсэн үг биш. Ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж, таниулах ёстой юм. Иргэн бүрийн боловсрол, нас, хүйс, хөгжлийн байдал ялгаатай учир тухайн бүлэг хүмүүсийн онцлогт таарсан хэлбэрээр сургалт сурталчилгааг хийж чадвал үр дүн өгнө. Харин төрийн албан хаагчдын хувьд тэднийг мэргэшүүлж, чадавхжуулах төрийн үйлчилгээний чанар, менежментийг сайжруулах, төрийн албаны тогтвортой байдлыг хангах хэрэгтэй байна. Ямар үйлчилгээг, ямар хэлбэрээр, хэнд, хэзээ хүргэх вэ гэдгээс эхлээд ур чадвар, мэдлэгийн хувьд ч чадварлаг төрийн албан хаагчдыг бэлтгэх ёстой. Ингэж чадвал иргэдэд өдөр тутам тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх боломжтой.

-Төрийн үйлчилгээг авахад үүссэн гомдол саналыг шийдвэрлэхэд туслах цахим хөтөчийг ашиглалтад оруулна гэсэн. Заавал ингэж зардал мөнгө үрэх шаардлагатай юм уу. Уг нь төрийн албан хаагчид нь хүнд суртал гаргахгүйгээр ажлаа хийчихвэл төр, иргэдийн хооронд ямар нэг асуудал үүсэхгүй байх боломжтой биз дээ?

-Уг нь бол тийм. Гэтэл манай нийгэмд төрийн алба, төрийн үйлчилгээ нь бүрэн утгаараа иргэдэд хүрдэггүй. Өргөдөл гомдлыг шийдвэрлэж буй механизм нь ойлгомжгүй, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцдэггүй, иргэд хаана хандаж асуудлаа шийдвэрлүүлэхээ мэдэхгүй мухардаад байна. Олон улсын жишгээс үзвэл, цахим хэлбэрээр иргэддээ сургалт сурталчилгаа явуулж анхан шатны зөвлөгөө өгдөг тогтолцоо руу шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл цахим хөтөчийн тусламжтайгаар өөрсдөө асуудлуудаа шийдвэрлэж байна. Энэ хэлбэр нь манай улсын хувьд хамгийн тохиромжтой гэж харж байгаа. Яагаад гэхээр манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй хэрнээ хүн ам цөөнтэй. Нэг сум дунджаар 3000-4000 хүн амтай. Нэг сууринд мэргэшсэн хуульч ховор, өмгөөлөгч тэр болгон байгаад байдаггүй, тийм шаардлага ч байхгүй. Яагаад гэхлээр сум бүрт шүүх, прокурорын газар байдаггүй. Ийм нөхцөлд эрхзүйн хөтөч зайлшгүй шаардлагатай. Өмнө нь эрхзүйн хөтөчийг ажиллуулж байсан уу гэвэл ажиллуулж байсан. Хууль зүй, дотоод хэргийн яам хувь хүмүүсийг бэлтгээд тэд нь орон нутагтаа хууль зүйн анхан шатны зөвлөгөөг  үзүүлж, сургалт сурталчилгаа хийдэг байсан. Энэ удаад технологийн дэвшлийг ашиглаж илүү өргөн хүрээнд, хүртээмжтэй байлгахаар төлөвлөж байна. Мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй гэж харж байгаа.

-Ярилцлагаа иргэдэд ойлгомжтой байх үүднээс эрхзүйн хөтчийг ойлгомжтой тайлбарлахыг хичээе. Эрхзүйн хөтчийн ажиллах зарчмыг миний ойлгосноор тайлбарлавал, тухайн дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаснаас хойш хуульд заасан хугацаандаа асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй бол гомдлоо хаана гаргах вэ гэдэгт эрхзүйн хөтөч туслана гэсэн үг үү?

-Яг тийм. Төрийн үйлчилгээг авахад үүссэн ямар нэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт эрхзүйн хөтөч үнэ төлбөргүй туслах юм. Өөрөөр хэлбэл тухайн газрын албанаас газар эзэмших зөвшөөрлийг олгохгүй байлаа гэж бодъё. Энэ үед e-khutuch.mn цахим хуудсанд хандаж хаана, хэнд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой талаар мэдээлэл, зөвлөгөөг авна. Ажиллах зарчмын хувьд маш энгийн. Цахим хуудаст нэвтэрч шууд буюу шууд бусаар анхан шатны мэдээлэл зөвлөгөөг авна. Мэдээж зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч бэлтгэнэ. Эндээс өгсөн бүх мэдээлэл, зөвлөгөөг тухайн иргэн ухаалаг төхөөрөмж дээрээ хадгалах эсвэл хувилж авах боломжтой. Энэ тухай иргэн өөрийн гэсэн хувийн зөвлөхтэй болж байгаагаас ялгаагүй. Зөвлөгөө, мэдээлэл нь юу агуулах вэ гэхлээр иргэн асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд эхлээд хаана, хэнд, ямар хугацаанд гомдол гаргахаа мэддэг болно. Мөн өргөдөл, гомдлын загваруудыг хүртэл бэлдэж, иргэн хэвлэж аваад л ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэдэд тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлүүлэх хүртэлх бүх процессийг e-khutuch.mn цахим хуудсын зөвлөгөө мэдээлэл агуулна гэсэн үг. Ингэхээр тухайн иргэн заавал өмгөөлөгч хөлслөх албагүй болж байгаа биз. Эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд иргэдийн ажлыг хөнгөвчлөх сайн талтай. Хууль эрх зүйн мэдлэггүй болохоороо иргэд асуудлаа хэнд хандаж, хэнээс юу шаардах эрхтэйгээ мэддэггүй. Энэ арга замаар буюу эрх зүйн хөтчөөр дамжуулан иргэдэд анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгч, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гээд байгаа юм. Тэгэхдээ дан ганц газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар гэж ойлгож болохгүй. Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг бүхий л асуудлаар эрх зүйн хөтөч нь зөвлөгөө өгнө.

-Бүхий л асуудал гэхээр төрийн бүх үйлчилгээ гэсэн үг үү. Яаж хамтран ажиллах талаар харилцан ярилцаж тохирсон уу?

-Хууль зүй, дотоод хэргийн яам болон Нээлттэй нийгэм форум хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Бүх нийтийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулж байгаа. Энэ ажлын хүрээнд яамд хоорондын болон төрийн захиргааны байгууллага хоорондын мэдээлэл солилцоог зохион байгуулна гэж харж байгаа. Ялангуяа контент боловсруулах тал дээр хамтрана байх. Бидний зүгээс бүх салбарын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө бэлдэнэ гэж төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн асуудалтай холбоотой асуудлаар бидэнд хүсэлт ирүүлэхээр нь үүний дагуу зөвлөгөө бэлдэж, салбарын байгууллага руу илгээх юм. Салбарын байгууллага үзээд “бэлтгэсэн мэдээлэл, зөвлөгөө  нь зөв, хугацаа нь хуульд нийцэж байна” гэсэн хариу ирүүлнэ. Ингэсний дараагаар мэдээлэл, зөвлөгөөг тухай иргэнд өгнө, цахим хөтөчөд байршуулна.

-Иргэдийн гомдол саналын дагуу иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж чадаагүй төрийн албан хаагчид хариуцлагын арга хэмжээ авах уу?

-Хариуцлага тооцдог механизмын асуудал мэдээж яригдана. Эрх зүйн хөтчийн зөвлөгөө мэдээлэл түрүүн хэлсэнчлэн хэвлэх боломжтой. Мөн мэргэжлийн хуульч холбогдох байгууллагатай хамтран бэлтгэнэ. Тэгэхлээр эрх зүйн хөтчийн мэдээлэл баталгаат гэсэн үг юм. Хэрвээ тухайн иргэний гомдлыг үндэслэлгүйгээр шийдвэрлээгүй бол хариуцлагын асуудал үүсэх үндэслэл болно.

-Таны ярианаас төрийн албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдэд хүнд суртал гаргавал хариуцлага тооцдог механизм хэрэглэдэг болох юм байна гэж ойлголоо. Гэтэл нөгөө талаасаа үнэхээр холбогдох хууль, эрх зүйн орчин дутмагаас болж төрийн үйлчилгээг иргэд авч чадаагүй бол энэ асуудлыг ямар арга замаар шийдвэрлэх вэ?

-Мэдээж шууд хариуцлага тооцно гэвэл өрөөсгөл болно. Цахим хөтөчөд ирж байгаа санал, гомдолд дүн шинжилгээ хийнэ. Газар зүйн байршлын хувьд хаанаас, ямар асуудлаар иргэд илүү хандаж байна, шалтгаан нь юу байна, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа юу эсвэл өөр хүчин зүйлээс шалтгаалаад иргэдийн асуудал шийдэгдэхгүй байна уу гэдгийн нарийн судлана. Хэрэв үнэхээр хууль, эрх зүйн орчноос хамаарч асуудал үүсч байгаа бол холбогдох захиргааны байгууллагад санал хүргүүлж ийм хууль, дүрэм журмууд зөрчилдөж байгаагаас болж төрийн ийм үйлчилгээ доголдож байна гэдгийн холбогдох газар нь мэдэгдэж нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээг авахуулна.

-Төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох ажлыг өмнө нь хэд хэдэн удаа эхлүүлэх гэж оролдоод ихэнх нь бүтэлгүйтсэн удаатай. Эрх зүйн хөтөч яг хэзээнээс хэрэглээнд нэвтрэх вэ?

-Эрх зүйн хөтчийн хувьд 100 хувь итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлсэн. Эрх зүйн хөтөч нь энэ хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдана. Тэгэхээр төрийн байгууллагуудын хооронд асуудал гарахгүй гэдэгт найдаж байгаа. Одоогоор цахим хөтөч хуудас хөгжүүлэх ажил хийгдэж байна. Энэ  ондоо багтааж туршихаар ажиллаж байна. Нээлттэй нийгэм форумын зүгээс эрх зүйн хөтчийг гурван жилийн хугацаанд бүрэн ашиглалтанд оруулж ажиллуулах зорилготой байгаа. 

-Цахим хуудсын идэвхжүүлэлтийг байгууллага хариуцах вэ?

-Бүх нийтийн эрх зүйн боловсрол, хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл бэлтгэх асуудал яригдаж байгаа учир Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцан ажиллана. Мэдээжийн хэрэг контент мэдээлэл бэлтгэх асуудлыг дангаараа хариуцахгүй бусад байгууллагуудтай хамтарна.

-Ярилцлагынхаа эхэнд судалгааны талаар ярьсан. Энэ судалгааг танай байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч монгол орон даяар явуулсан юм билээ. “Төрийн үйлчилгээ авч чадаагүй асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд холбогдох байгууллагад хандсан уу” гэдэг асуултанд “Хаана, хэнд хандахаа мэддэггүй”, “Ямар ч алхам хийгээд нэмэргүй” гэхчлэн аргаа барсан байдлаар хариулсан байсан. Эрхзүйн цахим хөтөч ашиглалтанд орсноор нийгэмд бага боловч өөрчлөлтийг авчрах болов уу?

-Бидний зүгээс бүрэн боломжтой гэж харж байгаа. Яагаад гэхээр, судалгаанд хамрагдсан хүмүүсийн олонх нь анхан шатны зөвлөгөө, мэдээлэл авч чадаагүйгээс болж ийм асуудал үүссэн. Эрх зүйн хөтөч яг энэ үүргийг гүйцэтгэнэ. Эрх зүйн хөтөч хүн бүрийн хувийн хуулийн зөвлөх  байна гэсэн үг. Асуудал гарсан нь эрх зүйн хөтөчид хандах хэрэгтэй. Тэгээд юу хийх үү, хаана хандах уу, хэн асуудлыг шийдвэрлэдэг талаар мэдээллийг авна. Эрх зүйн хөтөч маань дээр нь сургалт, сурталчилгаа хийнэ. Мэдээллийн бүх төрлийг ашиглана. Орон нутагт албан ёсны эрхзүйн хөтчийг бэлтгэнэ. Энэ хөтөч нь заавал хуульч, өмгөөлөгч байх албагүй. Тухайн дүүрэг, аймагтаа идэвхтэй иргэдийг сургалтад хамруулж, цахим хөтчийг яаж ашиглахыг зааж өгнө. “Юу ч хийгээд нэмэргүй” гэж судалгаанд хариулсан хүмүүс уг нь асуудлаа шийдүүлэхийн тулд ямар нэг оролдлого хийсэн байдаг. Гэтэл хэзээ, ямар журмаар, хэдий хугацаанд шийдэж өгөх нь тодорхойгүйгээс болж ингэж хариулсан юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг цахим эрхзүйн хөтчөөр тодорхой болгох юм. Хөөцөлдсөн асуудлыг нь ямар албан тушаалтан хэзээ шийдэж өгөх цаг хугацаа тодорхой байвал иргэд сэтгэл амар байна. Ядаж л ажлаа тайван хийнэ. Дагаад төрийн үйлчилгээнд итгэх итгэл үнэмшил нэмэгдэнэ. Дагаад нийгэмд шударга ёсны үнэлэмж нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаасаа тухайн иргэн тулгамдсан асуудлаараа хандах газраа мэддэг, хэрхэн шийдвэрлүүлэх талаар мэдлэг чадавхитай болно. Үүнийг дагаад төрийн албан хаагчид хариуцлагатай болно. “Би энэ асуудлыг шийдэж, хуульд нийцсэн хариуг цаг хугацаанд өгөхгүй бол хариуцлага хүлээнэ” гээд хяналтаа тавьж эхлэнэ, үндэслэлгүйгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, чирэгдэл үүсгэхээ болино. Энэ бүхний үр дүнд төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж иргэдийн амьдрал, ахуй дээшилнэ. Энэ л бидний гол зорилго.

-Засгийн газрын “11-11” төв яг иймэрхүү маягаар ажилладаг байсан санагдаж байна?

-“11-11” төвийн нэг онцлого нь иргэдээс ирүүлсэн гомдлыг тухайн үйлчилгээ үзүүлж буй байгууллага руу шилжүүлчихдэг байсан. Ингэхээр юу болох уу. Жишээлбэл, би газрын албан материал бүрдүүлээд өгчихсөн байлаа гэж бодъё. Удирдах газраас нь “Энэ хүний асуудлыг шийдвэрлэж өг” гээд миний гомдлыг нөгөө газрын албаны мэргэжилтэнд өгсөн тохиолдолд  чирэгдэлгүй шийдвэрлэнэ гэхэд надад лав эргэлзээ төрнө. Өөрөөр хэлбэл, “хорхойтой араанд” зуугдана. Иргэдийн айдас үүнд л байгаа юм. Тэд аргаа барахдаа хэл амгүйхэн шиг асуудлаа зохицуулахыг хичээдэг. Ийм болохоор л иргэд төрийн албан хаагчдад итгэхгүй байх шалтгаан үүсч байгаа. Уг нь “11-11” зөв санаачлага. Боловсронгүй болгох хэрэгтэй байсан юм болов уу гэж боддог.

-Тэгвэл цахим эрх зүйн хөтөчид ирүүлсэн гомдлын дагуу яаж хариуцлага тооцно гэсэн үг үү?

-Хариуцлага тооцуулах нь үндсэн зорилго биш. Тэгэхдээ иргэний асуудал, гомдолыг шийдвэрлэхгүй байна гэдэг өөрөө хариуцлага тооцох нөхцлийг бүрдүүлнэ.

-Ингэхээр л “11-11” төвтэй ижилхэн юм биш үү?

-“11-11” төв иргэний өмнөөс асуудлыг шийдвэрлэх механизм. Харин эрх зүйн хөтөч нь иргэнд асуудлаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа механизм юм.

Мэдээ мэдээлэл