“БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” БАТЛАГДЛАА

2018 оны 04 сарын 01

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.7-д “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасан.

Энэ дагуу иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын Засгийн газрын 50 дугаар тогтоолоор баталжээ.

Бүх нийтэд эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан  хэлбэрээр хүргэх замаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэх чадварыг нэмэгдүүлж, хүн амын эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангах тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн нэг зорилго оршиж байна.

Энэхүү хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд 3 зорилтын хүрээнд 105 үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх дээрх ажлын хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “www.e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажил юм.

Энэхүү хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны “www.e-khutuch.mn” цахим хуудсыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Нээлттэй нийгэм Форум”-тай хамтран хийж байна.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудаснаас ЭНД дарж үзнэ үү.

Мэдээ мэдээлэл