Г.ЛУВСАНЖАМЦ: НЭГ ТӨӨ ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ АГААРЫН БОХИРДОЛ БУУРАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

2017 оны 10 сарын 06

Агаарын бохирдлыг бууруулахад дулааны эх үүсвэрээс гадна байшингийн дулаалга чухал нөлөөтэй байдаг талаар Токиогийн их сургуулийн хот төлөвлөлтийн магистрант, архитектор Ганзоригийн Лувсанжамцтай ярилцлаа.

-Өвлийн улирал ирж Улаанбаатар хотын хамгийн том утааны асуудал дахин яригдаж байна. Олон жил болсон ч энэ асуудал тодорхой шийдэгдэхгүй байгаа нь юунаас шалтгаалж байна гэж та үздэг вэ?

-Биет болон биет бус хоёр шалтгаан байна. Биет шалтгаан нь дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, байшингийн дулаан алдагдал, боловсруулаагүй нүүрс болон зохисгүй түлшнээс болж утаа үүсч байгаа.

Биет бус шалтгаан нь гэвэл дээрх дэд бүтцийг хийх бодлого сул байдагтай холбоотой. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө байдаг боловч хэрэгжилт нь төлөвлөгөөний дагуу явагдаагүй, Улаанбаатарт байгаа дэд бүтцийн 80-90 хувь нь социализмын үед хийгдсэн байдагтай холбоотой. Сүүлд Амгалангийн дулааны станц болон JICA-гийн гүний цэвэр усны худгаас өөр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй гэж хэлж болно.

Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал байна. Гэхдээ энэ бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш бүс нутгийн төлөвлөлтийн тухай асуудал.

-Утаатай тэмцэнэ гэж Монголчууд зуухтай тэмцэж ирлээ. Гэтэл та утааны асуудал ганцхан халаалтын системдээ биш дулаалгандаа байдаг гэсэн санааг дэвшүүлсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Манай орны нөхцөлд орон сууцны тухтай байдлыг хангахын тулд бусад орноос илүү эрчим хүч шаардлагатай байдаг. Учир нь өвөл, зуны улиралд тасалгааны температурыг +22-оос +24 хэмд барих нь тохиромжтой гэж үздэг. Өвлийн улиралд гадаа -30 хэмтэй үед бид тасалгаандаа тухтай байхын тулд маш их халаах хэрэгтэй болдог.  

Барилгын дулаан алдагдал их учраас бид халаасан дулаанаа хадгалж чаддаггүй. Монголын ихэнх байшингийн дулаалга хангалтгүй мөн битүүмжлэл муу байна. Дулаалга, битүүмжлэл сайн байвал бид нэг халаасан дулаанаа гадагш нь алдахгүй. Тэр хэмжээгээр халаалт багасаж, утаа бага гарна.

Зөвхөн дулааны эх үүсвэрийг сайжруулсан үед хэчнээн халаасан ч дулаанаа алдаад л байх болно. Тиймээс халаасан дулаанаа хадгалах бодлогыг Улаанбаатар хот давхар хэрэгжүүлэх ёстой. Зөвхөн хот ч гэлтгүй аймгийн төвүүд ч энэ шалтгаанаас болж утаатай болж байна.

Мэдээ мэдээлэл