“WWW.E-KHUTUCH.MN” ЦАХИМ ХУУДАСНЫ ТАНИЛЦУУЛГА, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ АЖЛЫГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ИРГЭДИЙГ ХАМРУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 09 сарын 19

2018 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “www.e-khutuch.mn” цахим сангийн ажлын албаны ажилтнууд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн агуулга, хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил  болон “www.e-khutuch.mn” цахим хуудасны танилцуулгыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын төлөөлөл 40 төрийн албан хаагчдад хүргэж, тэдний  санал, зөвлөмжийг асуулгын хуудсаар авлаа.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан “www.e-khutuch.mn” ашиглалтын явцыг туршиж үзэх, хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсох, цаашид сайжруулах ажлын зорилгоор аймгийн 100 иргэнийг хамруулан тодорхой цагийн хуваарьтайгаар тусгайлан бэлтгэсэн төвийн интернет орчин бүхий танхим, компьютеруудад суулгаж “www.e-khutuch.mn” цахим хуудсаар зочлуулж хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг ярилцлагын аргаар болон санал, асуулгыг  хуудсаар авах ажлыг хийв. Мөн аймаг дахь хилийн боомт, шалган нэвтрүүлэх, гаалийн хяналтаар дамжин хил нэвтэрч буй иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тодруулж мэдээлэл авлаа.

 

Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны “www.e-khutuch.mn” цахим хуудсыг Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид болон иргэд ач холбогдолтой чухал ажил болохыг тэмдэглээд, цаашид өөрийн аймгийн төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй, тодорхой бэлтгэн өгч хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн “www.e-khutuch.mn” цахим сангийн ажлын албаны ажилтнуудын хамтаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Ц.Алтанцэцэг, зураглаач Д.Болорцэцэг нар ажиллаж “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийг зураг авалтыг хийж хамтран ажиллаа.

Дээрх ажлыг зохион байгуулахад хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлье.

Мэдээ мэдээлэл