“БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ”-ИЙН ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО

2018 оны 12 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Улмаар Засгийн газрын 2018 оны 105 дугаар тогтоолоор тус хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан. Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 тоотод болсон. Тэгвэл 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний зөвлөлийн хоёрдугаар хурал Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Хурлаар “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хийсэн “Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын хөтөлбөр”, “Эрх зүйн хөтчийн гарын авлага”, “Эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх нэгдсэн аргачлал”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан эрх зүйн мэдлэг олгох сургалтын хөтөлбөр, гарын авлага”-ыг баталлаа.

Түүнчлэн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд боловсруулсан дээрх сургалтын хөтөлбөр, гарын авлага, аргачлалын дагуу сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахыг Үндэсний зөвлөлийн ажлын албанд, дэмжлэг үзүүлж ажиллахыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдэд даалгах тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжиж батлав.

Мөн ажлын албанаас хуралдаанд оруулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Уг тогтоолоор үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-т заасан ажлыг хариуцсан чиглэлийн дагуу тусгаж хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тогтлоо.

Мэдээ мэдээлэл