С.ЭНХЦЭЦЭГ:ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ WWW.LEGALINFO.MN ЦАХИМ ХУУДСЫГ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭЖ ХӨГЖҮҮЛНЭ

2020 оны 04 сарын 13

-Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.mn цахим хуудас ямар ач холбогдолтой систем бэ?

-www.legalinfo.mn зөвхөн цахим хуудас төдий биш, эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ бүхий цогц систем – тогтолцоо юм. Тэр ч утгаараа www.legalinfo.mn цахим хуудсыг үүсгэж хөгжүүлсэн нь хууль тогтоомж, эрх зүйн акт, эрх зүйн мэдээллийг иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох тал дээр маш том түлхэц болсон ажил юм.

-Иргэд, төрийн байгууллагын ажилтан, хуульчид гээд маш олон хүн энэ цахим хуудсыг өдөр тутмын хэрэглээ болгон ашиглаж байна. Сэтгүүлч бидний хувьд ч www.legalinfo.mn ажлыг маш их хялбарчилдаг. Энэ цахим хуудас анх бий болсон түүхийг эргэн сөхвөл?

-Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг анх Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус гурван байгууллагын хооронд гэрээ байгуулан Монгол мэргэжилтнүүдийн гараар бүтээсэн юм. Үндсэндээ 1 жилийн дотор энэ том системийг бий болгож 2006 оны 9 дүгээр сард хэрэглэгчдэд танилцуулж байсан юм. Тухайн үед хууль тогтоомж, эрх зүйн актыг ашиглах, энэ талаарх мэдээллийг олж авах, ялангуяа нэгдсэн байдлаар, системтэйгээр мэдээлэл авах асуудал хүндрэлтэй, хууль хэрэг болоход төрийн байгууллагад ажилладаг танил талаараа олуулж ашигладаг цаг үе байсан гэж хэлэхэд их хол зөрөхгүй дээ.

-Энэ цахим хуудсыг үүсгэн байгуулахаас эхлээд эрхлэн хөтлөх ажлыг хэрэгжүүлэхэд олон байгууллага, хүний оролцоо байдаг байх энэ талаар зарим зүйлийг тодруулж хэлж өгөөч.

-Энэ системийг бий болгоход тухайн үеийн Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлага, Дэлхийн банк, АНУ-ын USAID түүний санхүүжилттэй төсөл, төслийн багийн хамт олны нөр их хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй юм. Тухайлбал, 2006 онд одоогийн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, 2006 онд Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэлт” төслийн удирдагчаар ажиллаж байсан ноён Карлос Искудеро, “Шүүх эрх зүйн шинэчлэлт” төслийн зохицуулагч Д.Оюунчимэг болон төслийн багийн ажилтнууд, Хууль зүйн үндэсний төвийн анхны захирал Академич Ж.Амарсанаа, тухайн үед болон одоо эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн ажлын албыг хариуцаж ажиллаж байсан ажилтнууд зэрэг олон хүний хөдөлмөр, зүтгэл шингэсэн ажлын үр дүн юм.

-Одоо энэ систем өдөр тутам хэрхэн ажиллаж байна вэ? Хэрэглэгчдийн хандалт ямар байдаг бол?

-Цахим хуудаст Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагууд өөрт харьяалах хууль тогтоомж, эрх зүйн акт, мэдээ, мэдээллийг өдөр тутам оруулж тогтвортой ажиллагааг ханган ажиллаж байна. Тус системд нийт 120 мянга гаруй эрх зүйн акт байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд хууль тогтоомжийг сурталчлах, эрх зүйн мэдээлэл бэлтгэн түгээх чиг үүргийг дагнан хэрэгжүүлдэг байгууллагын хувьд Хууль зүйн үндэсний хүрээлэн хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн сан болсон энэхүү системийн найдвартай, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Хэрэглэгчийн хандалтын хувьд 2006 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус системд давхардсан тоогоор 2020 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 6,802,259 хэрэглэгч холбогдож мэдээлэл авсан байна. Эхний үед дунджаар долоо хоногт 300-400 хэрэглэгч хандаж байсан бол одоо дунджаар долоо хоногт 245.000 хэрэглэгч системд тогтмол хандаж мэдээлэл авч байна. Энэхүү цахим хуудас хэдхэн минут зогсох, гацах зэрэг техникийн асуудал үүсэхэд л манай байгууллага руу хэрэглэгчид утасдаж бухимдаж эхэлдэг. Ийм хэмжээний хэрэглээтэй цахим хуудас болтлоо хөгжсөн байна.

-14 жилийн хугацаанд тус цахим хуудас иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж чаджээ. Харин цаашдаа ямар шинэчлэлт, өөрчлөлт хийгдэх бол?

-Өнөөгийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, системийн хэвийн ажиллагааг хангах, хэрэглэхэд дөхөм, хялбарчилсан программчлалын шинэчлэлийн шийдлийг нэвтрүүлэх зүй ёсны шаардлага тулгарч байгаа. Тийм ч учраас эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.legalinfo.mn цахим хуудсыг цаашид эрх зүйн мэдээллийн портал цахим хуудас болгох, програм хангамжийн хувьд сайжруулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Энэхүү цахим хуудас 2006 онд анх ашиглалтад орсноос хойш 2012 онд Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр нэг удаа өнгө загвар, зарим тохиргоо гэх мэт өөрчлөлтийг хийсэн. Түүнээс хойш томоохон өөрчлөлт, системийн хөгжүүлэлтийг хийлгүй өнөөдрийг хүрсэн. Харин 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн техник хангамжийн шинэчлэлийг хийж гүйцэтгэх талаар тусгасан. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус цахим хуудасны программ хангамжийг боловсронгуй болгож хөгжүүлэх ажил эхлээд явж байна. Энэ удаагийн тус цахимын хөгжүүлэлтийг хийхэд АНУ-ын USAID-ийн төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж үндэсний мэдээлэл, технологийн томоохон компани болох “Интерактив” ХХК хөгжүүлэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэхээр ажиллаж байна.

-Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.legalinfo.mn цахим хуудсыг хөгжүүлэх, программыг шинэчлэх ажлын хүрээнд ямар ямар ажил хийгдэх вэ? Одоогийнхоос юугаар илүү дэвшилттэй болох вэ?

-Бид энэ удаагийн хөгжүүлэлтийн ажлаар тус цахим хуудсыг хэрэглэгчдэд ашиглахад илүү хялбар, ойлгомжтой болгох, цогцоор нь шинэчлэхийг зорьж байгаа. Юуны өмнө программчлалын түвшинд орчин үеийн энэ төрлийн мэдээллийг хүргэдэг цахим хуудсанд тавигдах техникийн шийдлийг бүрэн хийнэ. Мөн хэрэглэгчдийн хэрэглээнд илүү түлхүү тулгуурласан өөрчлөлт болох хайлт хийх үйлдлийн системийг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, хуулийн анх батлагдсан хувь болон тухайн хуульд орсон, нэмэлт өөрчлөлт тэдгээрийг орохоос өмнө байсан хувилбараар үзэх боломжтой байх, хуулийн төсөлд санах өгөх тохиргоог хийх зэрэг олон төрлийн шинэчлэлийг 2020 онд хийхээр зорьж байна.

-Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем гэхээр энэ цахим хуудсанд хууль тогтоомж эрх зүйн актыг баталдаг байгууллагууд бас холбогдож ажилладаг уу?

-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга нарын хамтарсан 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17/А/10/А/04/36/02/03/А/01 дүгээр тушаал, захирамжаар “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам”-ыг баталсан байдаг. Энэ журмын дагуу манай байгууллага болон дээрх байгууллагын эрх бүхий ажилтнууд тус тусын эрх бүхий этгээдээс баталсан эрх зүйн актыг тус системд оруулах чиг үүрэгтэйгээр холбогдож ажилладаг. Тиймээс эдгээр системд мэдээлэл оруулагч байгууллагууд тэдгээрийн холбогдох ажилтнуудаас хууль тогтоомж, эрх зүйн актыг тус цахим хуудсанд оруулах ажиллагааг илүү боловсронгуй болгох, хөнгөвчлөх ажлыг мөн программын хөгжүүлэлтийн түвшинд шийдвэрлэж илүү боловсронгуй болгоно.

-Сүүлийн үеийн технологи, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж ухаалаг утсанд суурилсан апплекшний хөгжүүлэлтийг мөн давхар хийх үү?

-Сүүлийн үед иргэд ухаалаг утсанд суурилсан апплекшнээр дамжуулан банкны үйлчилгээнээс авахуулаад төрөл бүрийн үйлчилгээг авах боломжтой болоод байгаа. Өмнө 2014 онд бид ийм төрлийн апплекшныг хийж ашиглаж байсан боловч бас оновчгүй програмын шийдлээс үүдэлтэйгээр ашиглагдах боломжгүй болоод байсан. Тийм ч учраас www.legalinfo.mn цахим хуудсанд суурилсан апплекшны хөгжүүлэлтийг энэ шинэчлэлийн хүрээнд мөн бид шинээр хийж шинэ аппликейш /Арр/-ыг хэрэглээнд нэвтрүүлэх болно.

-Энэ шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчдээс санал авах боломж байгаа юу?

-Манай байгууллагын зүгээс тус цахим хуудасны ашиглалтын явцад гардаг аливаа бэрхшээл, цаашид сайжруулах шаардлагатай зүйлсийг бол байнга судалж, боломжит хэмжээнд хөгжүүлэлтийг хийсээр ирсэн. Мэдээж аливаа шинэчлэл, хөгжүүлэлтийн үр шимийг хэрэглэгчид, энэ цахимыг ашиглагчид л хамгийн түрүүнд хүртэх ёстой. Тэр ч утгаараа манай байгууллагын зүгээс тус цахим хуудсыг шинэчлэх ажил хийгдэж буйтай холбоотойгоор голлох хэрэглэгчид болох төрийн байгууллагууд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим болон бусад хуульчид, иргэдээс санал авч хэрэглэгчийн судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэ дашрамд дурдахад тус цахимыг хэрэглэдэг иргэд, төрийн байгууллагын ажилтнууд, хуульчид, судлаач, оюутан гээд хэн бүхэн тус цахимыг ашиглахад гардаг програмчлалын шинжтэй хүндрэлүүд, засч сайжруулахад анхаарах зүйл болон хөгжүүлэлт хийх, боловсронгуй болгоход нэмэр болохуйц саналаа ирүүлэх бүрэн боломжтой. Хэрэглэгч Та бүхний санал бол юу юунаас илүү үнэтэй байх болно. Бид Та бүхний саналыг нээлттэй хүлээн авч тус цахимыг хөгжүүлэлтийг хийхдээ аль болох тусгахыг хичээж, зорьж ажиллана.

Та бүхэн саналаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 11312513 дугаарын утас болон info@nli.gov.mn, bayanmunkh@legalinstitute.mn зэрэг цахим хаягаар ирүүлэхийг хүсье.

Мэдээ мэдээлэл