ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших

Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Иргэн та газар эзэмших хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Таны хүсэлт гаргаж эзэмших гэж буй газрын байршил тухайн Орон нутгийн байгууллагын ерөнхий төлөвлөгөөнд иргэнд газар эзэмшүүлэх хэсэгт багтсан эсэхийг тодруулж мэдэх шаардлагатай. Учир нь иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн хэсэгт  газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгодог.
  2. Таны хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэхийг шалгаж мэдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны хүсэлт гаргасан газар өөр хэн нэгний эзэмшил газар давхцаагүй байх ёстой.
  3. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, хуулийн этгээдэд газрыг өмчлүүлж, эзэмшүүлэх боломж хуулиар хаалттай тул газрыг ашиглуулдаг болно.
  4. 2018 оны 11 сарын 01-нээс эхлэн газар өмчлөх төдийгүй газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэх болсон тул иргэд газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас “улсын бүртгэлд бүртгэв” гэсэн утга, агуулга бүхий бичилт хийгдсэн эсэхийг нягталж байх шаардлагатай.
  5. “Тухай газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна” зарчимд 2018 оны 11 сараас эхлэн шилжиж байгаа болно.
  6. Үл хөдлөх эд хөрөнгийн тухай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын нэгж талбарын дугаараар нь дамжуулан улсын бүртгэлд бүртгэхээр болсон болохыг анхаарах хэрэгтэй.
  7. Газар төдийгүй түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр баталгааждаг тул иргэд өөрийн өмчөө улсын бүртгэлд бүртгүүлэх төдийгүй газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас авсан бол улсын бүртгэлд шаардлагатай өөрчлөлтийг хийлгэж байх шаардлагатай.
  8. Бэлчээрийг малчин иргэд нийтээр ашиглах эрхтэй бөгөөд бэлчээр ашиглах талаарх маргааны багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд тохиролцохгүй тохиолдолд Сумын Засаг даргаар шийдвэрлүүлэх боломжтой. Сумын Засаг дарга шийдвэрлээгүй эсхүл гомдолтой бол шүүхээр мөн шийдвэрлүүлэх боломжтой.
  9. Газар эзэмших эрхийн барьцаалах тохиолдолд газрын алба, газрын даамал газар барьцаалсан тэмдэглэлийн эрхийн гэрчилгээнд тэмдэглэх бөгөөд бусад буюу газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийн барьцааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа хэлтэс, газар хийдэг болно.

Дараах газарт газар эзэмшүүлэхийг хориглох тул анхаарна уу!

  • Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.
  • төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгодог.
  • Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.

Дараах тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох тул анхаарна уу!

  • газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;
  • газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;
  • эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан;
  • газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;
  • газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн.

Дараах тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тул анхаарна уу!

  • эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
  • газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
  • шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;
  • байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;
  • эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;
  • хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.
  • газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлсэн.

Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх тул анхаарна уу!

  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.
  • Газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлснөөс бусад тохиолдлоор Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна.
  • Эзэмшлийн газар нь гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэж, цаашид тухайн зориулалтаар ашиглах боломжгүй болсон тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн газар эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан бол уг газрыг засаж тохижуулах зардлыг шаардлагатай тохиолдолд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж болно. Харин уг газар дээрх барилга, байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна.
  • 90 хоногийн хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

http://e-khutuch.mn/guide/print/1/4/advice