ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших

Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Хуулийн зохицуулалт

“Газар эзэмших эрх олгох”-той холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж заасан байдаг.

Тус хуулийн 3.1.7 дахь заалтад “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ.

Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж, ашигладаг. Мөн газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж, ахуйн нэгж байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан.

Байгууллага

Эрх хэмжээ

Хуулийн зохицуулалт

Аймаг, нийслэлийн газрын алба

         Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх,

        Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9 дахь заалт

Сумын газрын даамал, дүүргийн газрын алба

         Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх,

          Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх,

          Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.6 дахь заалтууд

 

Газар эзэмших эрх нь Монгол Улсын Газрын тухай хуульд заасан болзол, нөхцөл, шаардлага, хугацаа, холбогдох журмын дагуу зохицуулагддаг. Тухайлбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь:

  1. Газрыг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрхтэй.
  2. Газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.
  3. Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. Өөрөөр хэлбэл гэрчилгээгүйгээр газар эзэмшихийг хориглоно.
  4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.
  5. Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно.
  6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно

Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна гэж заасан. Үүнд:

  • гэр бүлийн хамтын хэрэгцээний;
  • төрийн байгууллагын;
  • аж ахуйн нэгж, байгууллагын. 

Газар эзэмшигч

Газар эзэмших хугацаа

Хуулийн зохицуулалт

Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад

15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг

Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болно.

анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг

 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг заасан. Үүнд:

  • Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.
  • Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.
  • Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.
  • Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна.

 Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу Газар эзэмшигч нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

Газар эзэмшигчийн эдлэх эрх:

  • гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;
  • газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;
  • газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх;
  • газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;
  • газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; 
  • газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;
  • газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу дараах эрх төрийн байгууллагад хамаарахгүй. Үүнд:    

  • газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;
  • газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно.

Газар эзэмшигчийн хүлээх үүрэг:  

  • газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;
  • газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;
  • газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх;
  • газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;
  • бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
  • энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Геодези, зураг зүйн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль (1999 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль (2015 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2018 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай (1995 он) ЭНД дарж үзнэ үү. 
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын А/187 дугаар тушаал ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/1/4/law