ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар ашиглах

Газрын харилцаанд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж, солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна. Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Таны өргөдлийг шийдвэрлээгүй /Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй асуудлаар/ эсхүл гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар гомдол гаргаж болно.

  1. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа (Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх )

Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. Үүнд:

  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга,
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга,
  • Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга
  1. Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх
  • Дээрх урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж буй газартай холбогдон үүссэн маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу /Урьдчилан шийдвэрлүүлэх, Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх/ шийдвэрлэнэ.

http://e-khutuch.mn/guide/print/1/458/complain