ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар ашиглах

Газрын харилцаанд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж, солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна. Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай өргөдлийг харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргахдаа өргөдөлд  дараах бичиг баримтыг хавсаргана.

 Үүнд: 

1.  Иргэний үнэмлэх /Аж ахуйн нэгж байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар;

2.  Эзэмших, ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, байршил, зааг, хэмжээ зэргийг тусгасан нэгж талбарын тойм зураг;

3.  Хамтран эзэмшигч, ашиглагчдын иргэний үнэмлэх /Аж ахуй нэгж байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;

4.  Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын тодорхойлолт /гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тухай тохиолдолд газар ашиглах тухай хүсэлт гаргахын өмнө авсан байна/.

 

Таны гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан бичиг баримтуудыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал дараах дарааллын дагуу хүлээн авч, Газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэдэг. Үүнд:

  • Монгол Улсын иргэн, хуулийн этгээд
  • Үйлчилгээний ажилтан иргэн, хуулийн этгээдийн материалын бүрдэл хангасан эсэхийг шалган, хүлээн авч шуудангаар газар ашиглалт бүртгэлийн хэлтэст ирүүлнэ. /Тухайн өдөртөө/
  • Хэлтсийн дарга ирсэн бичгийг дүүрэг хариуцсан мэргэжилтэнд хуваарилж цохолт хийж хүлээлгэн өгнө. /Тухайн өдөртөө/
  • Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нар иргэн болон хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч материалд хяналт хийнэ. /Тухайн өдөртөө
  • Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нар өргөдөл, хүсэлтийн дагуу судалж, нөхцөлд санал  болон холбогдох материалын танилцуулгыг бэлтгэнэ./7-10 хоногт/
  • "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн хуралд иргэн болон хуулийн этгээдийн асуудлыг танилцуулж, дүгнэлт гаргуулна.  /14 хоног тутамд/
  • Тус хурлаар дэмжигдсэн асуудлыг нэгтгэж Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулж, төслийн шатанд холбогдох хэлтэс албан тушаалтнаас санал авна. /7-10 хоног/
  • Засаг дарга шийдвэрийн төсөлтэй танилцаж, захирамж гаргана. /30 хоног тутамд/
  • Засаг даргын захирамжийг үндэслэн газар зохион байгуулагч нар газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ бичиж бэлтгэнэ. /1-3 хоног/
  • Газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг Нийслэлийн газрын албаны дарга баталгаажуулна. /Тухайн өдөртөө/
  • Иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно. /Тухайн өдөртөө/

http://e-khutuch.mn/guide/print/1/458/decide_order