ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар ашиглах

Газрын харилцаанд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж, солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна. Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Та харьяа дүүргийн газрын албанд хүсэлт гаргаснаар “Газар ашиглах” харилцаа үүснэ.  

Газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай өргөдлийг харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана. 

Үүнд: 

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмших, ашиглах бол нийслэлийн Газрын албанд, үүнээс бусад газарт газар эзэмших, ашиглах бол дүүргийн Газрын албанд;
  • Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмших, ашиглах бол аймгийн Газрын албанд, үүнээс бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын Газрын даамалд.

Дараах үндэслэлээр газар ашиглуулахдаа “Дуудлага худалдаа” болон “Төсөл сонгон шалгаруулах” зарчмаар Засаг дарга шийдвэрлэдэг. 

Үүнд:

  1. Монгол Улсын иргэнд доор дурдсанаас бусад зориулалтаар болон дурдсан хэмжээнээс илүү газар ашиглуулах тохиолдолд;
  • гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй,
  • гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй,
  • үр тарианы зориулалтаар 100 га хүртэл,
  • төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл эзэмшүүлж, ашиглуулахаар заасан
  • Төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх
  1. Чөлөөт бүсэд газар ашиглах эрхийг олгох тохиолдолд;
  2. Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулах асуудлыг “дуудлага худалдааны” зарчмаар шийдвэрлэдэг.

Дуудлага худалдаа болон Төсөл сонгон шалгаруулах зарчмаар Газар ашиглуулсан тохиолдолд гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох харилцааг ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83  дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу гүйцэтгэнэ.

Дуудлага худалдаа болон Төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар ашиглуулахтай холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 


http://e-khutuch.mn/guide/print/1/458/decide_org