ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар ашиглах

Газрын харилцаанд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж, солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна. Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаатай холбоотой харилцааг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар” зохицуулдаг. 

Тус хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. 


http://e-khutuch.mn/guide/print/1/458/decide_time