ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар ашиглах

Газрын харилцаанд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж, солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна. Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Асуулт: Газар ашиглах гэрээ, гэрчилгээтэй иргэд тухайн газраа өмчилж авах боломжтой юу?

Хариулт: МУИГӨТХ-ийн дагуу зөвхөн эзэмших эрхээр уламжлан тухайн газрыг иргэнд өмчлүүлэхээр зохицуулсан тул газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээг үндэслэн Засаг дарга өмчлүүлэх шийдвэр гаргах боломжгүй. Иймд та харьяа орон нутгийн газрын албанд хандан газар эзэмших гэрчилгээтэй болсны дараа газраа өмчлөх асуудлыг хөөцөлдөх нь зүйтэй.

Асуулт: Газар ашиглах, эзэмших хүсэлтэд ашиглах, эзэмших газрынхаа тойм зургийг хавсаргана гэсэн иргэд тойм зургийг хэрхэн үйлдэх вэ?

Хариулт: Газар ашиглах, эзэмших хүсэлтэд тойм зураг хавсаргана гэж заасны учир нь таны хүсэлт гаргасан байршлыг аймаг,  нийслэл, сум, дүүргийн байр зүйн болон мэдээллийн сангийн зураг дээр мэргэжлийн хүмүүс олж тогтооход үндсэн эх сурвалж болгон ашиглахаар тооцож, хуульчилсан  хэрэг. Тиймээс иргэд өөрсдийн бололцоонд тулгуурлан хүсэлт гаргаж байгаа газар нь тойм зураг /бүдүүвч зураг гэж ойлгож болно/-т аль дүүрэг /сум/-ийн ямар хороо, /баг/-ны нутаг дэвсгэрт байгаа болохыг ойролцоох үл хөдлөх объектуудтай харьцуулан  хэмжээ, зааг байршлыг илэрхийлсэн байх юм.

Асуулт: Зарим газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дундаа эзэмшиж, ашиглаж болох уу?

Хариулт: Газрын тухай хуулийн 34.9-д “Газрыг дундаа хамтран эзэмшиж байгаа тохиолдолд нэг гэрээтэй байж болно” гэсэн зохицуулалт байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хоорондын харилцан тохиролцоо, зөвшилцөл нь хуульд нийцэж байгаа эсэхийг тухайн шатны Газрын алба хянаж боломжтой гэж үзсэн тохиолдолд хамтран эзэмшиж болно. Жишээ нь дундын ашиглалттай авто зогсоолыг тэр орчмын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нар харилхарцан тохиролцоонд хүрсэн тохиолдолд тэдгээрийн дундын эзэмшилд болгох боломжтой.


http://e-khutuch.mn/guide/print/1/458/faq