ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар ашиглах

Газрын харилцаанд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж, солих тохиолдол их байдаг. Эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай, эрх зүйн зохицуулалт нь өөр өөр юм. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна. Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Хуулийн зохицуулалт

“Газар ашиглах эрх олгох”-той холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 3.1.4 дэх заалтад зааснаар “Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Газрын тухай хуульд заасны дагуу газар ашиглагч нь:

  • Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн
  • Аж ахуйн нэгж, байгууллага

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу дараах иргэн, хуулийн этгээд газар ашиглагч байж болно. Үүнд:

  • Гадаад улс,
  • Олон улсын байгууллага,
  • Гадаад улсын хуулийн этгээд,
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж,
  • Тус улсад байнга /183 хоногоос дээш/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн байна.

Улсын их хурал нь Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтад заасны дагуу Гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, концессын гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргадаг.

       Харин Засаг дарга нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулах асуудлыг “дуудлага худалдааны” зарчмаар шийдвэрлэдэг.

Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт заасны дагуу дараах зориулалт, хугацаагаар гэрээний дагуу ашиглуулдаг.

Зориулалт

Хэмжээ /га/

Хугацаа

1

Хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар

0,05 га-гаас илүүгүй

5 жил хүртэл /нэг удаа 5 жилээс илүүгүй хугацаагаар/ сунгана

2

хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар

0,1 га-гаас илүүгүй

5 жил хүртэл /нэг удаа 5 жилээс илүүгүй хугацаагаар/ сунгана

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасан байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгогдсон /Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт/ тохиолдолд газар ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох ажлыг мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу гүйцэтгэнэ.

Та тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах харилцааг Газрын тухай хуулийн 441-р зүйлд зааснаар зохицуулсан байдаг. Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулахтай холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Газар ашиглагч нь газар эзэмшигчийн адил Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.  Үүнд:

Эдлэх эрх:

  • Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах
  • Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад  уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах

Хүлээх үүрэг:

  • Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх
  • Газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх
  • Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх
  • Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх

Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэж Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан гаргахыг хэлдэг.

Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэлтээр тусгайлсан эрх бүхий мэргэжлийн байгууллага /тусгай зөвшөөрөл бүхий компани/ хийж, дүгнэлт гаргана.
Тайлан, дүгнэлтийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагаас баталгаажуулна.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Газрын тухай хууль /2002 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль /1997 он/ ЭНД дарж үзнэ үү. 
  • Геодези, зураг зүйн тухай хууль /1997 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль /1999 он/ ЭНДдарж үзнэ үү.
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль /2015 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/  ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль  /1995 он/  ЭНД дарж үзнэ үү.
  • Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам /2016 он/ ЭНД дарж үзнэ үү. 
  • Газар зохион байгуулалт хийх журам /2003 он/ ЭНД дарж үзнэ үү. 
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам /2003 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам /2001 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг   дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ /2001 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам /2014 он/ ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/1/458/law