ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших, ашиглах, гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах

Газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгаж дахин шинээр гэрээ, гэрчилгээ олгоно.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу газрыг 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

Харин Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт заасны дагуу дараах зориулалт, хугацаагаар гэрээний дагуу ашиглуулдаг.

Зориулалт

Хэмжээ /га/

Хугацаа

1

Хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар

0,05 га-гаас илүүгүй

5 жил хүртэл /нэг удаа 5 жилээс илүүгүй хугацаагаар/ сунгана

2

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар

0,1 га-гаас илүүгүй

5 жил хүртэл /нэг удаа 5 жилээс илүүгүй хугацаагаар/ сунгана

НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр  тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Газрын эрхийн гэрчилгээг сунгах хугацааг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална.

Зориулалт

Хугацаа

1

Барилга байгууламж барих зориулалтаар газрын эрх авч гэрээ хийсэн боловч захиргааны байгууллага болон бусдын хууль бус үйлдлээс шалтгаалан газар эзэмших, ашиглах гэрээ хийснээс хойш 2 жилийн хугацаанд барилга, байгууламж барьж эхлээгүй газар эзэмшигч, ашиглагчийн гэрчилгээний хугацааг

Энэхүү шалтгаан үргэлжилсэн хугацаагаар 1 удаа сунгана

2

Гэрээнд заасан хугацаанд барилга байгууламж барьж ашиглалтад өгсөн этгээдэд барилга, байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон тухайн газрыг

Үргэлжлүүлэн хуульд заасан хугацаагаар энэ журамд заасан зарчмыг баримтлан сунгана

3

Тухайн газрыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэлд тусгагдсанаас өөр зориулалтаар болон уурхайн эдэлбэрийн зориулалтаар эзэмшиж буй газар эзэмшигчийн гэрчилгээнй хугацааг

5 хүртэл жилээр сунгана

4

Тухайн газрыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэлд тусгагдсан зориулалтаар ашиглаж байгаа, 10 жилээс дээш насжилттай, 1-3 давхар барилга бүхий болон нефтийн бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, бөөний худалдааны зах, төвүүдийн газар эзэмшигчийн гэрчилгээний хугацааг

5-10 жилээр сунгана

5

Тухайн газрыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэлд тусгагдсан зориулалтаар ашиглаж байгаа, доороо үйлчилгээний орон сууцны 5-12 давхар барилга, амины орон сууцны барилга, худалдаа, бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, шашин, сүм хийд, аж ахуйн бусад зориулалтаар газар эзэмшигчийн гэрчилгээний хугацааг

10-15 жилээр сунгана

6

Тухайн газрын хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэл тусгагдсан зориулалтаар ашиглаж байгаа, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллага, төрийн байгууллагын, хотын нийтийн тээвэр, дулаан, холбоо, эрчим хүчний хангамж, төмөр зам, нисэх онгоцны буудлын зориулалттай газрын гэрчилгээний хугацааг

15-20 жилээр сунгана

7

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр баригдсан иргэний, үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн зориулалтаар баригдсан барилга, байгууламжийн газар эзэмшигчийн гэрчилгээний хугацааг

20-40 жилээр сунгана

 

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх  хэсэгт Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргадаг.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргадаг.

Газрын тухай хуулийн 441-р зүйлийн 441.9 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. “Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах тухай” газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу байгуулсан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно гэж заасан байна.

Газар ашиглагч нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн 35.1.5 дахь хэсэгт заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Таны судалсан байвал зохих хууль, бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (1995 он ) ЭНД дарж үзнэ үү. 
  • Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Газар зохион байгуулалт хийх журам” ЭНД дарж үзнэ үү. 
  • Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”  ЭНД дарж үзнэ үү. 
  • Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам/ ЭНД дарж үзнэ үү.
  • НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр  тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам” ЭНД дарж үзнэ үү. 

http://e-khutuch.mn/guide/print/1/459/law