ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.

Хуулийн зохицуулалт

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно гэж заасан бөгөөд эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагддаг.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалтад заасны дагуу Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6 дахь заалтад заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байдаг.

Таны судалсан байвал зохих хууль, бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль (1999 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2018 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009 он) ЭНД дарж үзнэ үү.
  •  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (1995 он ) ЭНД дарж үзнэ үү. 
  • Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын тушаал 2021 оны А/187 дугаар тушаал /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам/ ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: 

  • Өргөдөл хүсэлт /иргэн бол/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Албан хүсэлт /аж ахуй нэгж байгууллага бол хэвлэмэл хуудас, гарын үсэг, тамга тэмдэгтэй байх/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /аж ахуй нэгж байгууллага/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг /эх хувь/
  • Газрын төлбөр тооцоо нийлсэн акт /хуулбар байж болно/
  • Хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрөл /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Барьцаалж буй банкны албан хүсэлт
  • Барьцааны гэрээ /2-3 хувь/
  • Зээлийн гэрээ /1 хувь/
  • Итгэмжлэл /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Барьцаа бүртгүүлэх төлбөр тушаасан баримт. 

Өргөдөл гаргагч таны Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тухай өргөдөл түүнд хавсаргасан баримтуудыг дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэнэ.

Үүнд: 

  1. Таны гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал хүлээн авч, бүртгэж, “Бүртгэсэн хуудас” өгнө.
  • Таны газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тохиолдолд өргөдөлд хавсаргасан материалуудыг нэгж талбарын хувийн хэрэгт буй материалтай нь тулгаж шалгана.  
  • Хэрвээ таны өргөдөлд хавсаргасан материалын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд энэ талаарх үндэслэлийг мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасах тул анхаарна уу!
  1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал нь газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах зөвшөөрлийг олгохдоо дараах журмыг баримтална.
  • Өргөдлийг үндэслэн Засаг даргын шийдвэрийн албан бичгийн төсөл боловсруулна
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах албан бичгийн төсөлд зөвшөөрсөн хүчинтэй байх хугацааг тодорхой заасан байна.
  1. Таны газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал дараах ажиллагааг хийж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

Үүнд:  

  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээ /барьцаалагчийн нэр, эхлэх хугацааг/ бичиж, эрхийн гэрчилгээ, албан бичиг, бусад материалын хамт өргөдөл гаргагчид өгөх
  • Газрын кадастрын мэдээллийн сантай бол мэдээллийн санд, байхгүй бол, Газар барьцаалсан тухай бүртгэлд бүртгэнэ.
  • Таны барьцаалсан “Эрхийн гэрчилгээний барьцаа”-ны хугацаа дууссан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамлаар барьцаалах хугацаа дууссан тухай тэмдэглэгээг хийлгэнэ. Тэмдэглэгээг эрхийн гэрчилгээний арын нүүрэнд барьцаалж дууссан хугацааг тэмдэглэн гарын үсэг зурж буцааж өгнө. Тэмдэглэгээг хийлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

Үүнд: 

    • Барьцаалагч иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргаж албажуулсан хүсэлт
    • Газар эзэмших эрхийн гэрчилгээ
  • Эрхийн гэрчилгээний барьцаалсан тухай тэмдэглэлийн хэсэг дууссан тохиолдолд “Эрхийн гэрчилгээ”-г дахин шинээр авна.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Таны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаатай холбоотой харилцааг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар” зохицуулдаг. 

Тус хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Таны өргөдлийг шийдвэрлээгүй /Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй асуудлаар/ эсхүл гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар гомдол гаргаж болно.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа (Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх )

Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. Үүнд:

  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга,
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга,
  • Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга

Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх

  • Дээрх урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж буй газартай холбогдон үүссэн маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу /Урьдчилан шийдвэрлүүлэх, Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх/ шийдвэрлэнэ.

Газар эзэмшигч та дараах зүйлийг анхаарна уу!

  • Газар ашиглах эрхийн гэрчилгээг “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаас өөрөөр хэвлүүлэх, түгээх, олгох, нөхөн олгохыг хориглоно.
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг санаатайгаар гэмтээх, засварлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
  • Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь Газрын албанаас нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл өгөөгүй байхад газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажил хийхийг хориглоно.
  • Нэгж талбарын хувийн хэрэг болон улсын бүртгэлийн дэвтрийн бичилтэд засвар хийх, дур мэдэн хуудас нэмж, хасахыг хориглоно.
  • Танд газартай холбоотой маргаан байгаа бол холбогдох Газрын алба, Засаг даргах хандах хэрэгтэй. Дээрх албан тушаалтнуудыг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй.
  • Таны гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтны шийдвэрийг хүлээн авахдаа огноог сайтар тэмдэглэж гарын үсэг зурж авах хэрэгтэй. Хэрэв зохих шатны албан тушаалтан танд хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол хуулийн хугацааг дуусгавар болгоод хөөн хэлэлцэх 30 хоногийг тооцох учиртай. Мөн шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй тохиолдолд мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэх юм.

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/1/460/all