ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: 

  • Өргөдөл хүсэлт /иргэн бол/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Албан хүсэлт /аж ахуй нэгж байгууллага бол хэвлэмэл хуудас, гарын үсэг, тамга тэмдэгтэй байх/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /аж ахуй нэгж байгууллага/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг /эх хувь/
  • Газрын төлбөр тооцоо нийлсэн акт /хуулбар байж болно/
  • Хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрөл /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Барьцаалж буй банкны албан хүсэлт
  • Барьцааны гэрээ /2-3 хувь/
  • Зээлийн гэрээ /1 хувь/
  • Итгэмжлэл /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Барьцаа бүртгүүлэх төлбөр тушаасан баримт. 

Өргөдөл гаргагч таны Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тухай өргөдөл түүнд хавсаргасан баримтуудыг дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэнэ.

Үүнд: 

  1. Таны гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал хүлээн авч, бүртгэж, “Бүртгэсэн хуудас” өгнө.
  • Таны газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тохиолдолд өргөдөлд хавсаргасан материалуудыг нэгж талбарын хувийн хэрэгт буй материалтай нь тулгаж шалгана.  
  • Хэрвээ таны өргөдөлд хавсаргасан материалын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд энэ талаарх үндэслэлийг мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасах тул анхаарна уу!
  1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал нь газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах зөвшөөрлийг олгохдоо дараах журмыг баримтална.
  • Өргөдлийг үндэслэн Засаг даргын шийдвэрийн албан бичгийн төсөл боловсруулна
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах албан бичгийн төсөлд зөвшөөрсөн хүчинтэй байх хугацааг тодорхой заасан байна.
  1. Таны газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал дараах ажиллагааг хийж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

Үүнд:  

  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээ /барьцаалагчийн нэр, эхлэх хугацааг/ бичиж, эрхийн гэрчилгээ, албан бичиг, бусад материалын хамт өргөдөл гаргагчид өгөх
  • Газрын кадастрын мэдээллийн сантай бол мэдээллийн санд, байхгүй бол, Газар барьцаалсан тухай бүртгэлд бүртгэнэ.
  • Таны барьцаалсан “Эрхийн гэрчилгээний барьцаа”-ны хугацаа дууссан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамлаар барьцаалах хугацаа дууссан тухай тэмдэглэгээг хийлгэнэ. Тэмдэглэгээг эрхийн гэрчилгээний арын нүүрэнд барьцаалж дууссан хугацааг тэмдэглэн гарын үсэг зурж буцааж өгнө. Тэмдэглэгээг хийлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

Үүнд: 

    • Барьцаалагч иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргаж албажуулсан хүсэлт
    • Газар эзэмших эрхийн гэрчилгээ
  • Эрхийн гэрчилгээний барьцаалсан тухай тэмдэглэлийн хэсэг дууссан тохиолдолд “Эрхийн гэрчилгээ”-г дахин шинээр авна.

http://e-khutuch.mn/guide/print/1/460/decide_order