ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Эзэмшил газраа бусдад ашиглуулах

Газар эзэмшигч нь газраа өөрөө ашиглахын зэрэгцээ газрыг түрээслэх, барьцаалах зэргээр бусдад ашиглуулж түүний үр шимийг хүртэж болно.

Хуулийн зохицуулалт

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтад заасны дагуу газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг нь бусдад ашиглуулж болно гэж заасан. 

 

Таны судалсан байвал зохих хууль, бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2018 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (1995 он ) ЭНД дарж үзнэ үү. 
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам 2021 оны А/187 дугаар тушаал /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам/  ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Эзэмшил газраа бусдад ашиглуулах тухай өргөдлийг харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана.

Үүнд:

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмших, ашиглах бол нийслэлийн Газрын албанд, бусад газарт газар эзэмших, ашиглах бол дүүргийн Газрын албанд;
  • Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмших, ашиглах бол аймгийн Газрын албанд, бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын Газрын даамалд.

 

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Эзэмшил газраа бусдад ашиглуулах тухай өргөдөлд дараах бичиг баримтыг хавсаргана.

Үүнд: 

  • Өргөдөл хүсэлт /иргэн бол/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Албан хүсэлт /аж ахуй нэгж байгууллага бол хэвлэмэл хуудас, гарын үсэг, тамга тэмдэгтэй байх/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /аж ахуй нэгж байгууллага/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ /эх хувь/
  • Багийн Засаг даргын тодорхойлолт
  • Нэгж талбарын кадастрын зураг
  • Газрын төлбөр төлсөн баримт
  • Газар эзэмших эрх бусдад ашиглуулах нотариатаар гэрчлүүлсэн гэрээ эх хувь
  • Тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Өргөдөл гаргагч таны Эзэмшил газраа бусдад ашиглуулах тухай өргөдөл түүнд хавсаргасан баримтуудыг дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэнэ. 

 Үүнд: 

  1. Таны гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал хүлээн авч, бүртгэж, “Бүртгэсэн хуудас” өгнө.
  • Эзэмшил газраа бусдад ашиглуулах тохиолдолд өргөдөл түүнд хавсаргасан материалуудыг нэгж талбарын хувийн хэрэгт буй материалтай нь тулгаж шалгана.  
  • Хэрвээ таны өргөдөлд хавсаргасан материалын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд энэ талаарх үндэслэлийг мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасах тул анхаарна уу!
  1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал нь эзэмшил газраа бусдад ашиглуулах тухай зөвшөөрлийг олгохдоо дараах журмыг баримтална.
  • Өргөдлийг үндэслэн Засаг даргын шийдвэрийн албан бичгийн төсөл боловсруулна
  • Эзэмшил газрыг бусдад ашиглуулах албан бичгийн төсөлд зөвшөөрсөн хүчинтэй байх хугацааг тодорхой заасан байна.
  1. Таны эзэмшил газраа бусдад ашиглуулах тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд энэ тухай албан бичгийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн сантай бол мэдээллийн санд байхгүй бол ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83  дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5-р хавсралт “Газар ашиглуулсан тухай бүртгэл”-д бүртгэж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Таны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаатай холбоотой харилцааг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар” зохицуулдаг. 

Тус хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. 

Мөн Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад  гаргана. Тус хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж заасан байдаг. 

Өргөдөл хянан шийдвэрлэсэн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Үүнд:

  1. Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;
  2. Холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол. 

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.

14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.

14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж тус тус заасан байдаг.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Таны өргөдлийг шийдвэрлээгүй /Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй асуудлаар/ эсхүл гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар гомдол гаргаж болно.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа (Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх )

Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. Үүнд:

  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга,
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга,
  • Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга

Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх

Дээрх урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.

  • Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж буй газартай холбогдон үүссэн маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу /Урьдчилан шийдвэрлүүлэх, Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх/ шийдвэрлэнэ.

Газар эзэмшигч та дараах зүйлийг анхаарна уу!

  • Газрын түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  • Газар түрээслэх гэрээгээр аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор газрыг ашиглах ба хөлс төлөхөөр тохиролцоно.
  • Газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээсэлсэн бол хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах, үнэ хөлсийг хэрхэн төлөхийг тохирно.
  • Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг сууцны болон аж ахуйн зориулалтаар ашиглагдах барилга байгууламж, зам, хашаа зэргийн хамт түрээсэлж болох ба уг гэрээг бичгээр хийнэ. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн түрээсэлж авсан эд хөрөнгийг ашигласны үр дүнд олж авсан юмс, үр шимийг барьцаалах эрхтэй.
  • Газрыг эд хөрөнгө хөлслөх болон эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр ашиглах боломжтой. 
  • Танд газартай холбоотой маргаан байгаа бол холбогдох Газрын алба, Засаг даргад хандах хэрэгтэй. Дээрх албан тушаалтнуудыг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй.
  • Таны гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтны шийдвэрийг хүлээн авахдаа огноог сайтар тэмдэглэж гарын үсэг зурж авах хэрэгтэй. Хэрэв зохих шатны албан тушаалтан танд хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол хуулийн хугацааг дуусгавар болгоод хөөн хэлэлцэх 30 хоногийг тооцох учиртай. Мөн шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй тохиолдолд мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэх юм.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/1/461/all