ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт өөрчлөх

Газар эзэмшигч, ашиглагч нь газар ашиглалтын зориулалтаа өөрчилж болно.

Хуулийн зохицуулалт

НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Газар эзэмшигч, ашиглагчийн газар ашиглалтын зориулалтыг дараах үндэслэлээр тодорхойлон өөрчилж болно гэж заасан.

Үүнд: 

  • Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар ашиглалтын зориулалт
  • Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд газар ашиглалтын зориулалт тусгагдсан байдал /үүргийн бүсчлэл/
  • Хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн үйл ажиллагааны чиглэл

Тус журмын 4.2 дахь хэсэгт Тухайн газар дээрээ 3-аас дээш төрлийн үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд газар ашиглалтын зориулалтыг тогтоохдоо эзэмшил газрын талбайн хэмжээнд хамгийн их хувийг эзэлсэн газарт явагдаж байгаа үйл ажиллагааны төрлөөс эхлэн 2-оос илүүгүй газар ашиглалтын зориулалтыг Засаг даргын шийдвэрт тусгаж, эрхийн гэрчилгээнд бичнэ гэж заасан байна.

Таны судалсан байвал зохих хууль, бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он)ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Геодези, зураг зүйн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2018 он)  дарж үзнэ үү.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (1995 он ) ЭНД дарж үзнэ үү. 
  • Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын тушаал 2008 оны 83 дугаар тушаал /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам/  ЭНД дарж үзнэ үү.
  • НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Газар зохион байгуулалт хийх журам” ЭНД дарж үзнэ үү. 
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт өөрчлөх тухай өргөдлийг харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана.

Үүнд:

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмших, ашиглах бол нийслэлийн Газрын албанд, бусад газарт газар эзэмших, ашиглах бол дүүргийн Газрын албанд;
  • Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмших, ашиглах бол аймгийн Газрын албанд, бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын Газрын даамалд.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт өөрчлөх тухай өргөдөлд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Иргэн бол өргөдөл, хүсэлт,
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Аж ахуйн нэгж байгууллага бол Албан хүсэлт /Хэвлэмэл хуудас, гарын үсэг, тамга тэмдэгтэй байх/
  • Аж ахуйн нэгж байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /нотариатаар баталгаажуулах/
  •  Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг /Эх хувь, хуулбар/
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гарснаас хойш 5 жил болсон тохиолдолд/ /Тайлан эх хувь, CD/
  • Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт
  • Өмнөх захирамжийн  хуулбар
  • Газрын төлбөр, тооцоо нийлсэн акт /хуулбар хувь байж болно/
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Бусад нэмэлт материал /Зориулалт өөрчлөх зайлшгүй шаардлагатайг нотолсон баримт бичиг, Архитектур төлөвлөлтийн даалгавар/
  • Фото зураг

Өргөдөл гаргагч таны Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт өөрчлөх тухай өргөдөл түүнд хавсаргасан баримтуудыг дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэнэ. Үүнд: 

  1. Таны гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал хүлээн авч, бүртгэж, “Бүртгэсэн хуудас” өгнө.
  • Таны “Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт өөрчлөх тухай” өргөдөлд хавсаргасан материалуудыг нэгж талбарын хувийн хэрэгт буй материалтай нь тулгаж шалгана.  
  • Хэрвээ таны өргөдөлд хавсаргасан материалын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд энэ талаарх үндэслэлийг мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасах тул анхаарна уу!
  1. Аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт өөрчлөхөд дараах журмыг баримтална. Үүнд:
  • Газар ашиглалтын зориулалт өөрчлөх үндэслэлийн дагуу газар ашиглалтын зориулалтыг 5 хоногийн дотор тогтоож, өөрчлөх тухай саналаа “Газар барилгажилтын зөвлөл”-д танилцуулан санал дүгнэлт гаргуулна.
  • Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт, “Газар барилгажилтын зөвлөл”-ийн санал дүгнэлтийг тусган тухайн шатны Засаг даргын гаргах  шийдвэрийн төслийг бэлтгэн Засаг даргад танилцуулж шийдвэр гаргуулна.
  • Тухайн газар дээр 3-аас дээш төрлийн үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд газар ашиглалтын зориулалтыг тогтоохдоо эзэмшил газрын талбайн хэмжээнд хамгийн их хувийг эзэлсэн газарт явагдаж байгаа үйл ажиллагааны төрлөөс эхлэн 2-оос илүүгүй газар ашиглалтын зориулалтыг Засаг даргын шийдвэрт тусгаж, эрхийн, эрхийн гэрчилгээнд бичнэ.
  1. Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын улсын бүртгэлд газар ашиглалтын зориулалт өөрчилсөн талаарх бүртгэлийг хийж, гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээ шинээр олгоно.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Таны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаатай холбоотой харилцааг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар” зохицуулдаг. 

Тус хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. 

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 3 дугаар зүйлийн 26 дахь хэсэгт  Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүлээн аваад 14 хоногт багтаан судалгаа хийж санал, дүгнэлтээ Засаг даргад оруулна.

Тус журмын 27 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын алба, сумын газрын даамлын санал, дүгнэлт бүхий материалыг хүлээн аваад 30 хоногт багтаан зохих шийдвэр гаргана гэж заасан байдаг.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Таны өргөдлийг шийдвэрлээгүй /Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй асуудлаар/ эсхүл гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар гомдол гаргаж болно.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа (Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх )

Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. Үүнд:

  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга,
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга,
  • Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга

Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх

  • Дээрх урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж буй газартай холбогдон үүссэн маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу /Урьдчилан шийдвэрлүүлэх, Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх/ шийдвэрлэнэ.

Газар эзэмшигч, ашиглагч та дараах зүйлийг анхаарна уу!

  • Газар ашиглах эрхийн гэрчилгээг “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаас өөрөөр хэвлүүлэх, түгээх, олгох, нөхөн олгохыг хориглоно.
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг санаатайгаар гэмтээх, засварлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
  • Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь Газрын албанаас нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл өгөөгүй байхад газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажил хийхийг хориглоно.
  •  Нэгж талбарын хувийн хэрэг болон улсын бүртгэлийн дэвтрийн бичилтэд засвар хийх, дур мэдэн хуудас нэмж, хасахыг хориглоно.
  • Танд газартай холбоотой маргаан байгаа бол холбогдох Газрын алба, Засаг даргах хандах хэрэгтэй. Дээрх албан тушаалтнуудыг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй.
  • Таны гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтны шийдвэрийг хүлээн авахдаа огноог сайтар тэмдэглэж гарын үсэг зурж авах хэрэгтэй. Хэрэв зохих шатны албан тушаалтан танд хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол хуулийн хугацааг дуусгавар болгоод хөөн хэлэлцэх 30 хоногийг тооцох учиртай. Мөн шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй тохиолдолд мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэх юм.

 

 

 

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/1/463/all