ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгүүлэх, гэрчилгээ авах

Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно.

Хуулийн зохицуулалт

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж Монгол улсын иргэний оюуны өмчийн эрхийг баталгаажуулсан байдаг.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах харилцааг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Зохиогчийн эрхийн тухай хуулиар тусгайлан зохицуулж байна.

Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамааран бодит хэлбэрээр туурвисан байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйл.Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл

6.1.Дараах бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:

6.1.1.шинжлэх ухаан, утга зохиолын аман болон бичмэл бүх төрлийн бүтээл;

6.1.2.хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;

6.1.3.дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл;

6.1.4.уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон архитектурын бусад бүтээл;

6.1.5.чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл;

6.1.6.жүжиг, бүжиг, уран нугаралт, пантомим зэрэг тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;

6.1.7.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;

6.1.8.кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл;

6.1.9.газрын зураг, атлас болон архитектурын зураг төсөл, хар зураг, бүдүүвч, диаграмм, гурван хэмжээст илэрхийлэл зэрэг шинжлэх ухаан, техникийн шинжтэй тайлбар зураг;

6.1.10.компьютерын программ;

6.1.11.үүсмэл бүтээл;

6.1.12.мэдээллийн сан;

6.1.13.материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлог, түүвэр зохиол болон эмхэтгэл.

6.2.Энэ хуулийн 6.1.11, 6.1.12, 6.1.13-т заасан бүтээлийн зохиогч нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйл.Зохиогчийн эрхээр үл хамгаалах зүйл

7.1.Дараах зүйлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй:

7.1.1.хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, эрх зүйн бусад акт;

7.1.2.төрийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг;

7.1.3.шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шүүх хуралдаан дээр хэлсэн үг;

7.1.4.энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан баримт бичгийн албан орчуулга;

7.1.5.төрийн бэлгэ тэмдэг, сүлд, туг, далбаа, төрийн шагнал, цолны тэмдэг, одон, медаль болон мөнгөн тэмдэгт, төлбөрийн бусад хэрэгсэл;

7.1.6.үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл;

7.1.7.аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, онол, хийсвэр зүйл, математикийн үзэл баримтлал.

8.1.Зохиогчийн эрхийг дараах этгээд эдэлнэ:

8.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

8.1.2.Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн болон бүтээлээ өөр улсад анх нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

8.1.3.зохиогчийн эрхийн талаар Монгол Улсын олон улсын гэрээний гишүүн улсын зохиогч, эрх эзэмшигч;

8.1.4.Монгол Улсад байнга оршин суудаг, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэрт ерөнхий захиргаа нь байрладаг дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер;

8.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон архитектурын бусад бүтээлийг байнга байршуулсан зохиогч;

8.1.6.зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд.

8.2.Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг бүтээл туурвисан этгээд эдэлнэ.

Хамтарсан зохиогч:

  • Нэг зорилготойгоор оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд нэгдмэл бүтээл хамтран туурвисан хоёр, эсхүл түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.
  • Хамтын бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогчид хамтран эдлэх бөгөөд гэрээнд заасан бол хамтын бүтээлийг бүрдүүлэх хэсэг тус бүрийг ашиглах онцгой эрхийг тухайн хувь зохиогч эдэлнэ.

Толь бичиг, сэтгүүл, шинжлэх ухааны цуврал сэтгүүл, сонин, лавлах зэрэг хамтын бүтээлийн зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол түүнийг удирдан зохион байгуулсан хувь хүн, хуулийн этгээд эдэлнэ.

Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын бүтээлийг ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх, шилжүүлэхэд бусад хамтран зохиогчдоос зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахгүй.


http://e-khutuch.mn/guide/print/10/224/law