ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Шинэ бүтээлийн патент авах

Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтыг хамааруулдаг. Эдгээрийг бүртгүүлэх, гэрчилгээ авах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Мэдүүлгийг хянах:

Патентийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинэ бүтээл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, мэдүүлэг нь Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно.

Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл түүнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. Мэдүүлэг гаргагч уг мэдэгдлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авсан өдрөөс хойш шинэ бүтээлийн мэдүүлэгт З сарын дотор нэмэлт, засвар хийж ирүүлсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн анхдагч огноог мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр тооцно.

Мэдүүлэг гаргагч дээр дурдсан хугацааны дотор нэмэлт, засвар хийж ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг гаргаагүй гэж үзнэ.

Мэдүүлэг гаргагч давамгайлах огнооны эрх хүсэж байгаа бол мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ. 

Шинэ бүтээлийн мэдүүлэгт шүүлт хийх:

Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шинжээч тухайн шинэ бүтээл нь Патентийн тухай хуулийн хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхэд чанарын шүүлт хийнэ.

Мэдүүлэг гаргагч мэдүүлсэн шинэ бүтээл, эсхүл түүнтэй мөн чанараараа ижил бүтээлд патент буюу өөр ямар нэг эрхийн баримт авахаар гадаадын улс, олон улсын байгууллагад мэдүүлэг гаргасан тухайгаа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

 

Шүүлт хийх явцад буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр, мэдүүлэгтээ нэмэлт, өөрчлөлт хийж болно. Нэмэлт, өөрчлөлт нь мэдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мөн чанарыг өөрчлөх бол шинээр мэдүүлэг гаргана. 

 

Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр мэдүүлгээ 2 буюу түүнээс олон мэдүүлэг болгон салгах, эсхүл хамтаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын хэд хэдэн мэдүүлгийг нэгтгэж болно.

Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийн зохиогч мэдүүлгийг эцсийн шийдвэр гарахаас өмнө ашигтай загварын мэдүүлэг болгон, ашигтай загварын гэрчилгээ хүссэн мэдүүлгийг шинэ бүтээлийн мэдүүлэг болгон тус тус өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд анхдагч огноог анхны мэдүүлгээр тогтооно.


http://e-khutuch.mn/guide/print/10/225/decide_order