ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Бүтээгдэхүүний загварын патент авах

Бүтээгдэхүүний загварын патент авах

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

Бүтээгдэхүүний загвар бүрд тусдаа мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт нэг мэдүүлэг гаргаж болно.

Бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт дараах материалуудыг хавсаргана. Үүнд:

  • Өргөдөл (тогтсон загвар бүхий мэдүүлгийн маягт байдаг бөгөөд уг маягтыг Оюуны өмчийн газрын албан ёсны цахим хуудаснаас татан авч, компьютер дээр нөхөж, хэвлэнэ. http://www.burtgel.gov.mn/ipom/);
  • бүтээгдэхүүний загварын зураг;
  • тодорхойлолт;
  • шаардлагатай бол зураг, тодорхойлолтод холбогдох бусад материал;
  • Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон бүтээгдэхүүний загвар бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын магадлагаа, тодорхойлолт;
  • үйлчилгээний хураамж төлсөн баримт;

Бүтээгдэхүүний загварын өргөдөлд бүтээгдэхүүний загвар зохиогч, мэдүүлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, патент авах хүсэлт, бүтээгдэхүүний загварын нэрийг тусгана.

Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч өргөдөлдөө үндэсний, бүсийн, олон улсын мэдүүлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлж болох бөгөөд энэ тохиолдолд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг хавсаргана. Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэгт олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно.

Мэдүүлгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тохиолдолд мэдүүлэг гаргагч оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад уг мэдүүлгийг ирүүлсэн өдрөөс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хөрвүүлж өгнө. Уг хугацаанд мэдүүлгийг хөрвүүлж өгөөгүй бол мэдүүлэг гаргаагүй гэж үзнэ.

Олон улсын нэг ангилалд хамаарах адил төстэй 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг мэдүүлгээр мэдүүлж болно.

Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно.


http://e-khutuch.mn/guide/print/10/226/decide_org