ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Бүтээгдэхүүний загварын патент авах

Бүтээгдэхүүний загварын патент авах

Асуулт 1. Бүтээгдэхүүний загварын зохиогч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний загварын зохиогч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  • бүтээгдэхүүний загварыг өмчлөх;
  • патент авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;
  • бүтээгдэхүүний загвартаа нэр өгөх;
  • бүтээгдэхүүний загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;
  • бүтээгдэхүүний загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.

Бүтээгдэхүүний загварыг хамтран бүтээсэн зохиогчид дээрх эрхүүдийг хамтран эдлэнэ. Харин бүтээгдэхүүний загварын мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.

Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, патент авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээлтэй холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.

Асуулт 2. Зохиогч бүтээгдэхүүний загварын патентыг бусдад шилжүүлж болох уу?

Патентын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу патент эзэмшигч нь аливаа этээдэд лицензийн гэрээ байгуулж бүтээгдэхүүний загварыг ашиглуулж болно. Лицензийн гэрээгээр патент эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.

Лицензийн гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:

  • бүтээгдэхүүний загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
  • гэрээний талуудын эрх, үүрэг;
  • бүтээгдэхүүний загварыг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;
  • гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;
  • маргаан шийдвэрлэх журам.

Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид бүтээгдэхүүний загварыг ашиглах онцгой эрхийг мөн лицензийн гэрээний дагуу олгоно.

Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь бүтээгдэхүүний загварыг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патентаар олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 

Дээр дурдсаны дагуу байгуулж буй аливаа лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

Асуулт 3. Патент эзэмших хугацаанд ямар нэг төлбөр төлөх үү?

Патентын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу патентийг хүчинтэй байлгах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлнө.

Патентийг хүчинтэй байлгах эхний 3 жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараах хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө.

Патент эзэмшигч патентийг хүчинтэй байлгах хураамжийг Патентийн тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлнө.

Патентийг хүчинтэй байлгах сонирхол бүхий этгээд патент эзэмшигчийн зөвшөөрлөөр патентийн хураамжийг төлж болно.

Асуулт 4. Бүтээгдэхүүний загварын патентийн хугацаа ямар байдаг вэ?

Патентийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу анхдагч огнооноос эхлэн бүтээгдэхүүний загварын патент 10 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5. Бүтээгдэхүүний загварын патентийг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Патентын хуулийг зөрчиж патент олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентыг хүчингүй болгоно.

Патент эзэмшихээс болон патентийн хураамж төлөхөөс татгалзсан, патентыг хүчинтэй байлгах хураамжийг Патентын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага патентийг хүчингүй болгоно.

Патентыг хүчингүй болгох тухай хүсэлтийг патент хүчинтэй байх хугацаанд гаргана.

Патентын хураамжийг төлөөгүй шалтгаанаар патентийг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентыг сэргээж болно.

Асуулт 6. Патентын эрх зөрчигдвөл ямар замаар сэргээлгэх вэ?

Хэрэв таны патентаар хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар ашиглаж танд хохирол учруулсан, болон лицензий гэрээний дагуу бүтээл ашигласны төлбөр гаргуулахаар маргах тохиолдолд та тухайн маргааныг зөрчил гаргасан этгээдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.


http://e-khutuch.mn/guide/print/10/226/faq