ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Бүтээгдэхүүний загварын патент авах

Бүтээгдэхүүний загварын патент авах

Хуулийн зохицуулалт

Бүтээгдэхүүний загвар зохиогч болон патент эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, бүтээгдэхүүний загварыг ашиглахтай холбогдсон харилцааг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Патентын тухай хуулиар зохицуулж байна.

 Бүтээгдэхүүний загвар: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу “бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг ойлгоно.

Патент: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу “патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг гэж ойлгоно.

Бүтээгдэхүүний загварт патент олгох шалгуур:

Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний загвар нь шинэ, гоёл чимэглэлийн болон өвөрмөц шинжтэй бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно. Бүтээгдэхүүний загварыг хамгаалахад дараах шинж чанаруудыг харгалзан үзнэ:

  • бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ;
  • бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг “өвөрмөц шинжтэй” гэж үзнэ;
  • бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанарыг хамааруулна.

Тухайн бүтээгдэхүүний загварт хамаарах шийдэл нь бүтээгдэхүүний үндсэн зориулалтад хамаарах бол патент олгохгүй бөгөөд дараах шийдлийг бүтээгдэхүүний загварт тооцохгүй. Үүнд:

  • төрийн сүлд, туг, далбаа, тамга, шагнал, одон тэмдэг болон гадаад орны төрийн далбаа, бэлгэ тэмдэг, олон улсын байгууллагын тэмдэг, бэлгэдэлтэй ижил, төсөөтэй загвар;
  • нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш бол;
  • бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол.

http://e-khutuch.mn/guide/print/10/226/law