ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Ашигтай загварын гэрчилгээ авах

Ашигтай загварын гэрчилгээ авах

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу шинэ бүээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг энэ хуулийн 11.1-д заасан этгээд оюуны өмчийн байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана. Шинэ бүтээл тус бүрд нэг патентын мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах хоёр, эсхүл түүнээс дээш шинэ бүтээлд нэг патентын мэдүүлэг гаргаж болно.

Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг дараах материалаас бүрдэнэ. Үүнд:

  • оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу өргөдөл
  • тодорхойлолт;
  • томьёолол;
  • шаардлагатай тохиолдолд шинэ бүтээл, ашигтай загварын мөн чанарыг тайлбарласан зураг, бүдүүвч
  • товч тайлбар;
  • үйлчилгээний хураамж төлсөн баримт;
  • зохион бүтээгч бус этгээд патентын мэдүүлэг гаргах бол патентын мэдүүлэг гаргах эсэхээ нотолсон баримт
  • оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан зохион бүтээгчийн баталгаа
  • мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэл
  • давамгайлах эрх үүссэн бол үүнийг нотлох баримт

Ашигтай загварын өргөдөлд ашигтай загвар зохиогч, мэдүүлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, гэрчилгээ авах хүсэлт, ашигтай загварын нэрийг тусгана.

Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч өргөдөлдөө үндэсний, бүсийн, олон улсын мэдүүлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлж болох бөгөөд энэ тохиолдолд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг хавсаргана. Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэгт олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно.

Мэдүүлгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тохиолдолд мэдүүлэг гаргагч оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад уг мэдүүлгийг ирүүлсэн өдрөөс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хөрвүүлж өгнө. Уг хугацаанд мэдүүлгийг хөрвүүлж өгөөгүй бол мэдүүлэг гаргаагүй гэж үзнэ.

Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно.

Оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу өргөдөлд дараах зүйлийг тусгана:

  • патент авах тухай хүсэлт
  • шинэ бүтээл, ашигтай загварын нэр
  • патентын олон улсын ангилал
  • мэдүүлэг гаргагч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал, гарын үсэг
  • мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, өмчийн хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг
  • зохион бүтээгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал
  • патент эзэмшигч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний харьяалал, гарын үсэг
  • патент эзэмшигч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, өмчийн хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг
  • мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, хаяг, гарын үсэг
  • давамгайлах эрх хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл
  • хавсаргасан баримт бичгийн жагсаалт, хуудасны тоо

http://e-khutuch.mn/guide/print/10/227/decide_org