ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Ашигтай загварын гэрчилгээ авах

Ашигтай загварын гэрчилгээ авах

Асуулт 1. Ашигтай загварын зохиогч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ашигтай загварын зохиогч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  • ашигтай загварыг өмчлөх;
  • гэрчилгээ авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;
  • ашигтай загвартаа нэр өгөх;
  • ашигтай загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;
  • ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.

Ашигтай загварыг хамтран бүтээсэн зохиогчид дээрх эрхүүдийг хамтран эдлэнэ. Харин ашигтай загварын мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.

Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, гэрчилгээ авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээлтэй холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.

Асуулт 2. Зохиогч ашигтай загварын патентыг бусдад шилжүүлж болох уу?

Патентын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу патент эзэмшигч нь аливаа этээдэд лицензийн гэрээ байгуулж ашигтай загварыг ашиглуулж болно. Лицензийн гэрээгээр патент эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.

Лицензийн гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:

  • ашигтай загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
  • гэрээний талуудын эрх, үүрэг;
  • ашигтай загварыг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;
  • гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;
  • маргаан шийдвэрлэх журам.

Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид ашигтай загварыг ашиглах онцгой эрхийг мөн лицензийн гэрээний дагуу олгоно.

Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь ашигтай загварыг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патентаар олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 

Дээр дурдсаны дагуу байгуулж буй аливаа лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

Асуулт 3. Гэрчилгээ эзэмших хугацаанд ямар нэг төлбөр төлөх үү?

Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч ямар нэг төлбөр хураамж төлөхгүй.

Асуулт 4. Ашигтай загварын гэрчилгээний хугацаа ямар байдаг вэ?

Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу анхдагч огнооноос эхлэн ашигтай загварын патент 7 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5. Ашигтай загварын патентыг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Патентын хуулийг зөрчиж гэрчилгээ олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентыг хүчингүй болгоно.

Асуулт 6. Гэрчилгээ эзэмшигчийн эрх зөрчигдвөл ямар замаар сэргээлгэх вэ?

Хэрэв таны гэрчилгээгээр хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар ашиглаж танд хохирол учруулсан, болон лицензийн гэрээний дагуу бүтээл ашигласны төлбөр гаргуулахаар маргах тохиолдолд та тухайн маргааныг зөрчил гаргасан этгээдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.


http://e-khutuch.mn/guide/print/10/227/faq