ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Ашигтай загварын гэрчилгээ авах

Ашигтай загварын гэрчилгээ авах

Хуулийн зохицуулалт

Ашигтай загвар зохиогч болон гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, ашигтай загварыг ашиглах харилцааг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Патентын тухай хуулиар зохицуулж байна.

Ашигтай загвар: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу “ашигтай загвар” гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг хэлнэ.

Ашигтай загварын гэрчилгээ: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасны дагуу "ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг эрх бүхий этгээд өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг хэлнэ.

Ашигтай загварын гэрчилгээ олгох шалгуур:

Патентын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Ашигтай загвар нь шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд гэрчилгээ олгоно.

Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон ашигтай загварыг “шинэ” гэж үзнэ. Ашигтай загвар нь үйлдвэрлэлийн аливаа салбарт ашиглаж болохуйц байвал “үйлдвэрлэлд ашиглах боломжтой” гэж үзнэ. Ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ. 

Дараах тохиолдолд ашигтай загварт тооцохгүй. Үүнд:

  • ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан;
  • урьд нь тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн;
  • нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш шийдэл;
  • нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;
  • компьютерийн программ, алгоритм;
  • аж ахуйн үйл ажиллагаа, оюуны үйлдэл, тоглоом зэрэгт хамаарах хуваарь, дүрэм, аргачлал;
  • нийгмийн дэг журам, зан суртахуун, байгаль орчин, хүний эрүүл мэндэд харш шийдэл;
  • хүн, мал, амьтны эмчилгээ, оношилгооны арга;
  • бичил биетээс бусад амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга (биологийн бус болон микробиологийн үйл ажиллагаа хамаарахгүй)

http://e-khutuch.mn/guide/print/10/227/law