ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Барааны тэмдгийн гэрчилгээ авах

Барааны тэмдгийн гэрчилгээ авах

Асуулт 1. Барааны тэмдгийн эзэмшигч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ.

Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ. Үүнд:

  • бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх;
  • бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах;
  • бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх;
  • бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан болон бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах.

Асуулт 2. Барааны тэмдэг эзэмших эрхийг бусдад шилжүүлж болох уу?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр уг эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ нь бүртгэгдсэн барааны тэмдэгт хамаарах бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээнд хамаарч болно. Барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, барааны тэмдгийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулснаар барааны тэмдэг эзэмших эрх шилжсэнд тооцно.

Барааны тэмдэг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхээс гадна Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээний хувьд лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр бусад этгээдэд ашиглуулж болно. Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно.

Лицензийн гэрээг бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

Асуулт 3. Барааны тэмдгийг ямар байдлаар ашиглаж болох вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу дараах тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно. Үүнд:

  • барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол;
  • барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол;
  • барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол;
  • барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй “R” гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.

Асуулт 4. Барааны тэмдгийн гэрчилгээний хугацаа ямар байдаг вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно. Барааны тэмдгийн гэрчилгээ олгох, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

Асуулт 5. Барааны тэмдгийн гэрчилгээг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн бүртгэлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:

  • барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол;
  • барааны тэмдэг нь Парисын конвенцийн гишүүн аль нэг улсад тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний төлөөлөгч, эсхүл бараа, бүтээгдэхүүнийг борлуулагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн бол.

Сонирхогч этгээд дээр дурдсан үндэслэлээр бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана. Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

Төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд өмнө бүртгэсэн барааны тэмдгийн бүртгэлийг тухайн эзэмшигчийн хувьд хүчингүй болсонд тооцно. Үүнд:

  • барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;
  • барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг эзэмших эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;
  • барааны тэмдэг эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд уг барааны тэмдгийг эзэмших эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй буюу барааны тэмдгийг лицензийн гэрээгээр ашиглуулаагүй.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:

  • барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг сунгуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд гаргаагүй бол; 
  • барааны тэмдэг эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжээгүй бол;
  • барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;
  • хуульд заасан бусад үндэслэл.

http://e-khutuch.mn/guide/print/10/228/faq