ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Газар зүйн заалтын гэрчилгээ авах

Газар зүйн заалтын гэрчилгээ авах

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Газар зүйн заалтад хамаарч байгаа бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн, газар зүйн заалт бүртгүүлэх хүсэлтэй нэгдэл, холбоо, байгууллага нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төлөөлөх хуулиар олгосон эрхийн дагуу газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмын дагуу бичгээр гаргана.

Газар зүйн заалтын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

Газар зүйн заалтын мэдүүлэг зөвхөн нэг газар зүйн заалтад хамаарна.

Газар зүйн заалтын мэдүүлэг дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

  • төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
  • хураамж төлсөн тухай баримт

Өргөдөлд дараах зүйлийг тусгана. Үүнд:

  • газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай хүсэлт;
  • мэдүүлэг гаргагчийн оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, зохион байгуулалтын хэлбэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
  • мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг; 
  • бүртгүүлэхээр мэдүүлж байгаа газар зүйн заалт;
  • тухайн газар нутгийн газар зүйн байршил;
  • газар зүйн заалт нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн газар зүйн заалтын кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;
  • бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр;
  • бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар.

Газар зүйн заалтын мэдүүлэгт дараах зүйлийг хавсаргана:

  • тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  • бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт;
  • гадаад улсын газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлж байгаа бол гарлын улсдаа газар зүйн заалтаар хамгаалагдсаныг нотолсон баримт;
  • мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 23.6, 23.7-д заасны дагуу мэдүүлэгт хавсаргах дээрх зүйлсийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Энэ хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/10/229/decide_org