ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Газар зүйн заалтын гэрчилгээ авах

Газар зүйн заалтын гэрчилгээ авах

Асуулт 1. Газар зүйн заалтыг хэрэглэгч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн заалт хэрэглэгчийн эрх тухайн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх бүртгэгдсэн бараа, бүтээгдэхүүнд хамаарна.

Газар зүйн заалт хэрэглэгч тухайн газар зүйн заалтын хувьд дараах эрх эдэлнэ. Үүнд:

  • өөрийн бараа, бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг ашиглах;
  • бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд тухайн газар нутагт үйлдвэрлээгүй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэсэн бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд төсөөтэй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэснээс шударга бус давуу эрх эдлэх буюу газар зүйн заалтын нэр хүндийг гутаахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд ашиглахдаа бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг үнэн зөвөөр заасан хэдий ч газар зүйн заалтыг хөрвүүлсэн байдлаар, эсхүл “төрлийн”, “маягийн”, “хийцийн”, “дуураймал” зэрэг илэрхийллийн хамтаар ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • хууль заасан эрхийг нь зөрчсөн үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах;

Газар зүйн заалт хэрэглэгч нь бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлтэд заасан онцлог шинж чанарыг хадгалах үүрэг хүлээнэ.

Асуулт 2. Газар зүйн заалтыг ямар тохиолдолд ашиглаж байна гэж үзэх вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах тохиолдолд газар зүйн заалтыг ашигласанд тооцно. Үүнд:

  • газар зүйн заалтыг бараа, бүтээгдэхүүн, түүний сав, баглаа боодолд хэрэглэсэн бол;
  • газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан бол;
  • газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн бол;
  • газар зүйн заалтыг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

Газар зүйн заалтыг өөрийн бараа, бүтээгдэхүүнд ашиглахаар бүртгүүлсэн этгээд нь тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд бүртгэгдсэн газар зүйн заалтыг дээр дурдсаны дагуу ашиглах эрхтэй.

Асуулт 3. Газар зүйн заалтын гэрчилгээний хугацаа ямар байдаг вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 25.3-т заасны дагуу Газар зүйн заалтын бүртгэл анхдагч огнооноос эхлэн хүчинтэй байх бөгөөд тодорхой хугацаагаар хязгаарлагдахгүй.

Асуулт 4. Газар зүйн заалтын гэрчилгээг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн заалтын бүртгэлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:

  • газар зүйн заалтыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол;

Сонирхогч этгээд дээр дурдсан үндэслэлээр бүртгэгдсэн газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана. Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

Төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд өмнө бүртгэсэн газар зүйн заалтыг тухайн хэрэглэгчийн хувьд хүчингүй болсонд тооцно. Үүнд:

  • газар зүйн заалтыг гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;
  • газар зүйн заалт хэрэглэгч нь бүртгэгдсэн газар зүйн заалтыг хэрэглэх эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;
  • газар зүйн заалтыг хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд уг газар зүйн заалтыг хэрэглэх эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй;

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:  

  • тухайн бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай шууд холбоогүй болсон бол;
  • газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бол;
  • газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;
  • хуульд заасан бусад үндэслэл.

Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.


http://e-khutuch.mn/guide/print/10/229/faq