ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах

Хуулийн зохицуулалт

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар 1. дархан цаазат газар, 2. байгалийн цогцолборт газар 3. байгалийн нөөц газар, 3. дурсгалт газрыг тусгай хамгаалалттай газар нутагт хамааруулдаг.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1-д зааснаар  Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэжээ. Тусгай хамгаалалттай газар нутагт иргэд, хуулийн этгээдэд зөвхөн ашиглуулах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “Байгаль орчин аялал, жуулчлалын яам”-аас олгодог. Тусгай хамгаалалттай газар нутаг газар ашиглуулах гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд нэг удаад сунгах хугацаа мөн 5 жилээс илүүгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.9-д “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох;”  гэж заасныг, мөн хуулийн 29, тусгай хамгаалалттай нутагт зөвхөн тусгай зориулалтаар л газар ашиглах эрх л олгогдог.

 

Тусгай хамгаалалттай газар нутагт  иргэдэд газар эзэмшүүлэхийг хориглодог!!!

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн долдугаар бүлгийн 33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.” гэж заасан байна.

Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшиж байгаа аливаа иргэн, аж ахуйн нэгж нь Газрын тухай хуульд заасан ерөнхий үүргүүдээс гадна дараах үүргүүдийг хүлээдэг. Үүнд:

1. тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх.

2. ашиглахаар авсан газартаа тогтоосон замаар орж, гарах

3. хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах

4. газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээж, засаж тохижуулан хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх.

Газрын тухай хууль
Тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалтын тухай хууль
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль

 

 

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд байхгүй бол тухайн газрын харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад гаргана. Тэд хүсэлтийг Байгаль орчны яаманд уламжлах бөгөөд зөвшөөрсөн шийдвэрийг тус яам гаргана.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар тусгай хамгаалалттай газрыг аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах шийдвэрийг Төрийн захиргааны төв байгууллага гаргахаар заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйл 37.1-д Сум, дүүргийг Засаг дарга энэ хуулийн Байгал орчин аялал, жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийг үндэслэн иргэн аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

      Газар ашиглах тухай хүсэлт гаргах

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах тухай хүсэлтээ төслийн хамт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хамгаалалтын захиргаа, салбар, хэсэг, хэрвээ хамгаалалт хариуцсан дээрх байгууллагын аль нэг байгуулагдаагүй бол тухайн байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг хариуцсан сум, дүүргийн Засаг даргад  гаргана.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар  “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналыг энэ хуулийн 361 дүгээр зүйлийн 2-т заасан сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас, хамгаалалтын захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргаас авна.

Жич: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хийгдсэн төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол уг үйл ажиллагааг эрхлэх тухай холбогдох Төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл авсан байна. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл г.м

          Шийдвэр гаргах

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар

1.Байгаль орчин аялал, жуулчлалын яам нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.

 2. Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ.

 З. Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар төсөл  хэрэгжүүлэгч нь уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын  баталгаа

·        татварын болон  банкны  өргүй гэдгийг баталсан баримт бичиг

·        тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх

·        гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр баримтыг

      Гэрээ байгуулах

 “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгал орчин аялал, жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар  “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”.

 

 Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн хуулийн этгээдтэй газар ашиглалтын талаарх гэрээг сум, дүүргийн Засаг дарга, тухайн нутгийн хамгаалалтын захиргаа, иргэн, хуулийн этгээд нар гурвалсан гэрээ байгуулах бөгөөд гэрээндээ дараах зүйлсийг тусгах хэрэгтэй. Үүнд:

1.   тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө

2.   газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа

3.   газрыг ашиглах, хамгаалах талаархи талуудын эрх, үүрэг, хариуцлага

4.   гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлт нь шаардлага хангаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар нь татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна.

 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэрлэнэ. Хэрэв хуульд заасны дагуу шийдвэрлээгүй тохиолдолд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах боломжтой.

 

Асуулт 1. Манай компани аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх гэтэл “тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын хөрөнгө оруулалттай компани ажиллуулахгүй” гэх юм. Ийм зохицуулалт байдаг юм уу?

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн долдугаар бүлгийн 33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.” гэж заасан учир Тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Асуулт 2. Манай байгууллага улсын тусгай хамгаалалтад авсан нэгэн газрыг ашиглах зөвшөөрөл авах гэсэн юм. Зөвшөөрлийг хаанаас авах вэ?

Газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд байхгүй бол тухайн газрын харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад гаргана. Тэд хүсэлтийг Байгаль орчны яаманд уламжлах бөгөөд зөвшөөрсөн шийдвэрийг тус яам гаргана.

Асуулт 3. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн хуулийн этгээдтэй газар ашиглалтын талаарх гэрээг хэрхэн байгуулах вэ?

Энэ гэрээг сум, дүүргийн Засаг дарга, тухайн нутгийн хамгаалалтын захиргаа, иргэн, хуулийн этгээд нар гурвалсан гэрээ байгуулах бөгөөд гэрээндээ дараах зүйлсийг тусгах хэрэгтэй. Үүнд:

  • тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө
  • газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа
  • газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага
  • гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам

Асуулт 4: Дүүргийн Засаг дарга “Б” тусгай хамгаалалтай газарт иргэдэд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх захирамж гаргажээ. Энэ нь зөв үү?

Буруу

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Дүүргийн Засаг даргад хуулиар ийм эрх олгоогүй.

2.Тусгай хамгаалалттай газар нутагт иргэд, хуулийн этгээдэд зөвхөн ашиглуулах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгодог.

3.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах хугацаа 5 жил байдаг.

Асуулт 5: Тусгай хамгаалалттай газар нутагт иргэдэд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газар эзэмшүүлж болох уу?

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1-д зааснаар  Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэжээ. Иймээс тусгай хамгаалалттай газар нутагт  иргэдэд газар эзэмшүүлэхийг хориглоно.

Асуулт 6: Монгол Улсад дархан цаазтай ямар газрууд байдаг вэ? 

Дархан цаазат газруудад Хасагт хайрхан, Их, бага говь, Хөх Сэрхийн нуруу, Богд Хан уул, Хан Хэнтий, Нөмрөг, Дорнод Монгол тал, Монгол Дагуур, Отгонтэнгэр, Увс нуурын Ой сав, Хордол Сарьдаг гэсэн газрууд ордог.

Асуулт 7: Тусгай хамгаалалттай газар нутагт ямар газрууд ордог вэ?

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар 1. дархан цаазат газар, 2. байгалийн цогцолборт газар 3. байгалийн нөөц газар, 3. дурсгалт газрыг тусгай хамгаалалттай газар нутагт хамааруулдаг.

Асуулт 8: Байгалийн нөөц газарт ямар үйл ажиллагаа явуулж болохгүй вэ?

Байгалийн нөөц газрын орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Харин байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхлэхийг зөвшөөрдөг.

Асуулт 9: Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглагч нь ямар үүрэг хүлээдэг вэ?

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшиж байгаа аливаа иргэн, аж ахуйн нэгж нь Газрын тухай хуульд заасан ерөнхий үүргүүдээс гадна дараах үүргүүдийг хүлээдэг. Үүнд:

1. тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх.

2. ашиглахаар авсан газартаа тогтоосон замаар орж, гарах

3. хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах

4. газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээж, засаж тохижуулан хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх.

Асуулт 10: Байгалийн нөөц газар ашиглах гэрээ хийх гэсэн юм. Гэрээний хугацаа хэдэн жил байхыг хуульд тусгайлан заасан уу? 

Заасан. Уг гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд нэг удаад сунгах хугацаа мөн 5 жилээс илүүгүй байна.

Асуулт 11: Байгалийн цогцолборт газарт ямар газрууд ордог вэ?

Байгалийн цогцолборт газар гэдэг нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг юм.

Манай улсад Хөвсгөл, Говь гурван сайхан, Хустайн нуруу, Горхи-тэрэлж, Хорго-тэрхийн цагаан нуур, Алтай таван богд, Хангайн нуруу, Хар ус нуур, Ноён хангай, Ханхөхий-хяргас, Сийлхэмийн нуруу, Цамбагарав уул, Тарвагатайн нуруу, Онон-балж гэсэн газрууд байгалийн цогцолборт газарт хамаарагддаг юм. 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/11/148/all