ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Улсын бүртгэлтэй холбоотой харилцаа /иргэний бүртгэл/ Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

Шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор Иргэний улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчид хандан бүртгүүлнэ.

Хуулийн зохицуулалт

Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.

Харин эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийг асрамжлан авах хүсэлтэй иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгч тухайн хүүхэд олдсон өдрөөс хойш 2 хоногийн дотор цагдаагийн байгууллагад тэмдэглүүлнэ.

Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй олдмол хүүхдийг асрамжлан авсан хүн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын эрх бүхий ажилтан тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 15.24.1-т зааснаар хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /1 нэгж=1000 төгрөг/

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Иргэн та шинээр төрсөн хүүхдээ улсын бүртгэгчид хандан /Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь хэсэг/ Улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр, хилийн чанадад Дипломат төлөөлөгчийн газрын бүртгэлийн ажилтанд бүртгүүлнэ. /Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар/

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Иргэн та шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол пасспорт, эсхүл пасспортыг орлох баримт бичиг;
  • хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  • эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

Дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  • Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл;
  • Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдөл хавсаргах ба хуулийн 30 хоногийн хугацаандаа төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийг асрамжлан авах хүсэлтэй иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгч дараах баримт бичгийг бүрдүүлж хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлнэ:

  • цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • хүүхдийн нас тогтоосон тухай шүүхийн шийдвэр, эсхүл шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт.

Зарим тохиолдолд хүүхдийг төрснийг бүртгэхэд нэмэлт материал шаардлагатай болдог. Үүнд:

  • Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ эцгийн нь нас барсны гэрчилгээг үндэслэн нас барагчийн овог, нэрээр бүртгэж болно. Хэрэв эцэг, эх нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй бол нас барсан хүний хүүхэд мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсаргана.
  • Гэрлэлтийг цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа болон эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.
  • Төрснийг нь бүртгэхээс өмнө нас барсан хүүхдийн төрсөн болон нас барсныг иргэний бүртгэлийн ажилтан эмнэлгийн магадлагааг үндэслэн тус тусад нь бүртгэнэ.

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн тохиролцсоноор гадаадын иргэн, харьяалалгүй эцэг /эх/-ийн овгоор энэ хуульд заасны дагуу төрсний бүртгэл хөтөлж болно.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно. /Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл/

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Зарим тохиолдолд хүүхдийг төрснийг бүртгэхэд нэмэлт материал шаардлагатай болдог. Үүнд:

  • Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ эцгийн нь нас барсны гэрчилгээг үндэслэн нас барагчийн овог, нэрээр бүртгэж болно. Хэрэв эцэг, эх нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй бол нас барсан хүний хүүхэд мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсаргана.
  • Гэрлэлтийг цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа болон эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.
  • Төрснийг нь бүртгэхээс өмнө нас барсан хүүхдийн төрсөн болон нас барсныг иргэний бүртгэлийн ажилтан эмнэлгийн магадлагааг үндэслэн тус тусад нь бүртгэнэ.

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн тохиролцсоноор гадаадын иргэн, харьяалалгүй эцэг /эх/-ийн овгоор энэ хуульд заасны дагуу төрсний бүртгэл хөтөлж болно.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно. /Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл/

Шинээр төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээг авахад Засгийн газрын 2010 оны 9-р дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолын Улсын бүртгэлийн үйлчилгээ хөлсний хэмжээ хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар үнэ төлбөргүй байна.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Төрсний гэрчилгээг авснаар:

  • Нийгмийн халамж үйлчилгээний бүх төрлийн хөнгөлөлт тусламж авах
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж үнэ төлбөргүй эмчлүүлэх

Гадаад улс оронд зорчих эрх нээгдэх зэрэг бүхий л үйл ажиллагаа нь төрсний гэрчилгээг үндэслэн хийгдэх тул хүүхдээ бүртгүүлэхийг эцэг, эхчүүддээ зөвлөж байна.

Асуулт 1. Шинээр төрсөн хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хугацаанд нь авч чадаагүй юмаа. Хугацаа хожимдуулсны торгууль гэж төлөх үү? Хэдэн төгрөг төлөх вэ?

Иргэний  улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 15.24.1 дэх заалтад зааснаар  хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /1нэгж =1000 төгрөг/

Асуулт 2. Би гэр бүлийнхээ хүнтэй хамтран амьдраад 3 жил болж болж байна. Саяхан төрөөд хүү маань одоо 10 хоногтой. Хүүгээ эцгээр нь овоглож болох болов уу?

Гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэж  гэрчилгээ олгоно.

  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт;
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх;

Асуулт 3. Нөхөртэйгөө хамтран амьдраад 5 жил болж байна. Нөхөр маань өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй юм. Би одоо 6 сартай жирэмсэн.  Хүүхдээ төрөхөөр ааваар нь овоглох боломжгүй байдаг юм уу?

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх өргөдөл тус тусдаа гаргаагүй, эцэг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог, нэрээр төрсний бүртгэдэг. Таны тохиолдолд хамтран амьдрагч тань өмнөх гэрлэлтээ дуусгавар болгоогүй байгаа тул хүүхэд эцгээрээ овоглогдох боломжгүй юм.

Асуулт 4. Төрөөд 20 хонож байна. Хүүхдэдээ хэдий хугацаанд төрсний бүртгэлд хамруулж гэрчилгээ авах ёстой байдаг билээ?

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй төрсний бүртгэлд бүртгүүлнэ.

Асуулт 5. Хүүхдээ төрснийг бүртгүүлэхийн тулд эцэг, эх хоёр нь заавал нэг хаяг дээр оршин суудаг байх ёстой байдаг уу? Ямар баримт бичиг бүрдүүлдэг вэ?

Нэг хаяг дээр оршин суудаг байхыг шаарддаггүй ба дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
  2. хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  3. эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

Асуулт 6. Хүүхдээ ааваар нь овоглохын тулд заавал гэрлэлтийн баталгаатай байх ёстой байдаг юм уу?

Хүүхдээ ааваар нь овоглохын тулд заавал гэрлэлтийн баталгаа шаардахгүй. Харин гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

Асуулт 7. Би Улаанбаатар хотын иргэн. Төрөөд 10 хоноод хөдөө аав ээж дээрээ ирсэн юмаа. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч амжаагүй байгаа юмаа. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахын тулд заавал харьяа оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ иргэний бүртгэлийн ажилтанд бүртгүүлэх үү?

Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйлд зааснаар үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, хүйс өөрчлөгдсөний, шилжилт хөдөлгөөний, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны бүртгэлээс бусад иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэхээр заасан. Иймд таны тохиолдолд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй байгаа газрынхаа иргэний бүртгэлийн байгууллагын ажилтанд хандан авах боломжтой.

Асуулт 8. Манай нөхөр Япон Улсын иргэн. Бид Монголд амьдардаг ба төрөөд 7 хонож байна. Хүүхдэдээ төрсний гэрчилгээг нь авах гэсэн юм. Ямар нэгэн нэмэлт материал бүрдүүлдэг болов уу?

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахаар бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
  2. хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  3. эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.
  4. нэмэлтээр эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл

Асуулт 9. Эцэг эх нь Швед Улсын иргэн. Тэр хоёрын дундаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдэд гэрчилгээ авч болох уу?

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно.

Асуулт 10. Гэрлэлтээ цуцлуулаад 8 сар болж байгаа. Тухайн үедээ жирэмсэн гэдгээ мэдээгүй байсан. Одоо төрөх хугацаа маань дөхчихсөн. Хүүхдээ ааваар нь овоглуулах боломж байдаг болов уу?

Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэхь хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа, заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.


http://e-khutuch.mn/guide/print/13/160/all