ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Улсын бүртгэлтэй холбоотой харилцаа /иргэний бүртгэл/ Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

Шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор Иргэний улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчид хандан бүртгүүлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Иргэн та шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол пасспорт, эсхүл пасспортыг орлох баримт бичиг;
  • хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  • эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

Дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  • Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл;
  • Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдөл хавсаргах ба хуулийн 30 хоногийн хугацаандаа төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийг асрамжлан авах хүсэлтэй иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгч дараах баримт бичгийг бүрдүүлж хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлнэ:

  • цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • хүүхдийн нас тогтоосон тухай шүүхийн шийдвэр, эсхүл шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт.

Зарим тохиолдолд хүүхдийг төрснийг бүртгэхэд нэмэлт материал шаардлагатай болдог. Үүнд:

  • Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ эцгийн нь нас барсны гэрчилгээг үндэслэн нас барагчийн овог, нэрээр бүртгэж болно. Хэрэв эцэг, эх нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй бол нас барсан хүний хүүхэд мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсаргана.
  • Гэрлэлтийг цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа болон эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.
  • Төрснийг нь бүртгэхээс өмнө нас барсан хүүхдийн төрсөн болон нас барсныг иргэний бүртгэлийн ажилтан эмнэлгийн магадлагааг үндэслэн тус тусад нь бүртгэнэ.

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн тохиролцсоноор гадаадын иргэн, харьяалалгүй эцэг /эх/-ийн овгоор энэ хуульд заасны дагуу төрсний бүртгэл хөтөлж болно.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно. /Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл/


http://e-khutuch.mn/guide/print/13/160/decide_order