ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хэрэглэгчийн эрх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах арга, хэлбэр

“ХЭРЭГЛЭГЧ” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг хэлнэ.

1. Чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулахад хэрэглэгч ямар эрхтэй вэ?

  1. Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.
  2. Хэрэглэгч баталгаат болон эдэлгээний хугацааны дотор барааны чанар, аюулгүй байдлаар хангагдах эрхтэй.
  3. Хэрэв үйлдвэрлэгч удаан хугацаанд хэрэглэх бараанд баталгаат хугацаа тогтоогоогүй бол барааг худалдан авагчид шилжүүлсэн өдрөөс эхлэн хэрэглэгч хуульд өөрөөр заагаагүй бол 6 сарын хугацаанд барааны чанар, аюулгүй байдлын баталгаа авах эрхтэй.
  4. Бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн арван найм, тавин хоёрдугаар бүлэгт заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй.
  5. Хэрэглэгч чанаргүй бараа, ажил, үйлчилгээний улмаас зөрчигдсөн эрхээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаар дамжуулан хамгаалуулах эрхтэй.
  6. Хэрэглэгч холбогдох баримт бичгийн дугаар, лизенц олгосон байгууллагын тухай мэдээлэл, үйлдвэрлэгчээс барааны талаар холбогдох хяналтын байгууллагаас олгосон зөвшөөрөл, чанар, аюулгүйн баталгаажилтын дүгнэлтийг шаардан үзэх эрхтэй.

 

2. Чанарын шаардлага хангаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй ажил, үйлчилгээ үзүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг хэрхэн арилгах вэ ? 

  1. Гэрээнд заасан болзол, чанарын шаардлага хангаагүй ажил, үйлчилгээ гүйцэтгэсний улмаас хэрэглэгчид учирсан хохирлын хэмжээгээр гэрээний үнийг багасган төлөх;

  2. Хэрэглэгчийн эд материалыг ашиглан ажил, үйлчилгээ гүйцэтгэхдээ гэрээний болзлыг хангаагүйгээс хэрэглэгч хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол ижил нэр төрөл, чанартай эд материалаар гэрээний болзлыг хангасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж өгөх.

 3. Бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа

  1. Бараа, ажил, үйлчилгээний талаар гомдлын шаардлага гаргасан тохиолдолд доголдлыг дараахь хугацаанд арилгана:
  2. Хүнс болон ахуйн хэрэглээний барааны эдэлгээний хугацаа буруу тогтоогдсоноос үүсэх гэм хорыг худалдагч нэн даруй арилгах;
  3. Бараа, ажил, үйлчилгээний доголдлын талаар гарсан гомдлыг барагдуулах үед хүндэтгэн үзэх шалтгаан гарсан /нийтийг хамарсан хорио цээр/, худалдагч /үйлдвэрлэгч, гүйцэтгэгч/ өвдсөн, нас барсан, дампуурсан, татан буугдсан, тодорхой шалтгааны улмаас түүний үйл ажиллагаа түр болон бүрмөсөн зогссон тохиолдолд доголдлыг арилгах хугацааг хойшлуулахаар хэрэглэгчтэй тохиролцох.
  4. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр доголдлыг арилгах хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч /үйлдвэрлэгч, гүйцэтгэгч/ хэрэглэгчид төлнө.

http://e-khutuch.mn/guide/print/14/153/faq