ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Цэцийн хуралдаан

Цэцийн хуралдаан

Хуулийн зохицуулалт

Цэцийн хуралдаанд бэлтгэх

1.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн уг маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр дараах ажиллагааг хийнэ:

1/маргагч талуудад өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын, хуулбарыг гардуулж, маргаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэх;

2/маргагч талуудад эрх, үүргийг танилцуулж, Цэцэд шинээр нотлох баримт гаргахад нь туслах;

3/маргагч талууд болон тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгчийг асууж, тайлбар, тодорхойлолт гаргуулах;

4/маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бичиг баримт, бусад мэдээллийг шаардан гаргуулах;

5/маргаантай холбогдол бүхий албан тушаалтан бусад хүмүүсийг асууж тодорхойлолт авах;

6/шаардлагатай бол эрдэмтэн, мэргэжилтэн оролцуулах, тусгай мэргэжлийн шинжээч томилон ажиллуулах, дүгнэлт гаргуулах;

7/гэрчээс тодорхойлолт авах;

8/нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх, нэг өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд хоёр буюу хэд хэдэн өөр шаардлага тавьсан бол тэдгээрийг тусгаарлах тогтоол гаргах;

9/маргагч талууд харилцан ойлголцож өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал нь шаардлагаасаа сайн дураараа татгалзвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзах тогтоол гаргах;

10/цугларсан бичиг баримтад үндэслэн Цэцийн хуралдааны шийдвэрийн тэмдэглэх, тодорхойлох хэсгийн төслийг бэлтгэх;

11/маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардагдах бусад бэлтгэл ажиллагаа.

2.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.Онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг 3 хоногийн дотор гүйцэтгэнэ.

4.Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг хянан хэлэлцэх хуралдааны бэлтгэлийг хангахын тулд Цэцийн даргын тогтоолоор хоёр буюу хэд хэдэн гишүүнийг томилон ажиллуулж болно.

5.Байгууллага, албан тушаалтан, иргэн Цэцийн гишүүний шаардсан бичиг баримтыг хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.

 

Цэцийн хуралдааныг зарлах

Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай тогтоол гаргана.

Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, төрийн болон байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцтай холбоотой асуудлыг Цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааныг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоолд энэ тухай заана.

Цэцийн гишүүн нь хуралдааныг нээлттэй буюу хаалттай хийх, мөн Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана.

Маргагч талууд, гэрч, шинжээч болон бусад оролцогчдод Цэцийн хуралдаан болох газар, өдөр, цагийг албан ёсоор мэдэгдэнэ.

 

Цэцийн хуралдааныг нээх

1.Цэцийн хуралдааныг Цэцийн даргын тогтоолоор томилсон хуралдаан даргалагч, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хийнэ.

2.Хуралдааны эхэнд маргагч талууд болон гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагчдын ирцийн талаар нарийн бичгийн дарга танилцуулна.

3.Хуралдаан даргалагч хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг зарлана.

4.Хуралдаан даргалагч маргагч талуудад эрх, үүрэг, хариуцлагыг нь тайлбарлан танилцуулна.

5.Хуралдаан даргалагч маргаан хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүнийг танилцуулна.

6.Маргагч талуудаас гэрч оролцуулах, шинжээч томилуулах, шинээр нотлох баримт гаргах, хуралдааны бүрэлдэхүүнээс гишүүнийг татгалзан гаргах санал байгаа эсэхийг асууж шийдвэрлэнэ.

7.Хуралдаан даргалагч шаардлагатай гэж үзвэл гэрчийг танхимаас гаргана.

8.Хуралдаан даргалагч Цэцийн хуралдааны дараалал, дотоод журмыг танилцуулж маргагч талууд болон танхимд байгаа хүмүүст хуралдаан даргалагчид захирагдах үүрэгтэйг сануулна.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага
Асуудлыг шийдвэрлэх дараалал
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Асуулт: Цэц нууц зөвлөлдөх гэж юуг ойлгох вэ?

Цэцийн шийдвэр гаргах гишүүдийн зөвлөлдөөнийг тусгай тасалгаанд хийнэ. Цэцийн зөвлөлдөөн хийж байгаа тасалгаанд хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүд, зөвлөлдөөний тэмдэглэл хөтлөх хуралдааны нарийн бичгийн даргаас өөр хүн орохыг хориглоно. Зөвлөлдөх тасалгаанд гишүүдийн гаргасан саналыг задруулахыг хориглоно.

Асуулт: Цэцийн хуралдааныг хэзээ зарлан явуулах вэ?

Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай тогтоол гаргах ба маргагч талууд, гэрч, шинжээч болон бусад оролцогчдод Цэцийн хуралдаан болох газар, өдөр, цагийг албан ёсоор мэдэгдэнэ.

Асуулт: Цэцийн шийдвэрийн талаарх мэдээллийг хаанаас авч танилцаж болох вэ?

Цэцийн шийдвэрийн товч агуулгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд нэн даруй мэдээлдэг.

Цэцийн нээлттэй хуралдааны шийдвэрийг бүрэн эхээр нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлнэ.

Цэцийн хаалттай хуралдааны шийдвэрээс шаардлагатай хэсэг, заалтын агуулгыг нийтэд мэдээлнэ.

Асуулт: Цэцийн үйл ажиллагааг саатуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага?

  • Хуралдааны дэг журмыг зөрчиж урьдчилан сануулга авсан этгээд дахин зөрчил гаргавал хуралдаан даргалагчийн шйидвэрээр түүнийг танхимаас гаргаж болно.
  • Маргааныг шалгах, хуралдаанаар хэлэлцэх үед Цэцэд санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, буруу дүгнэлт, тодорхойлолт, баримт бичиг гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх иргэнийг 1000-25000, албан тушаалтныг 3000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-75000 төгрөгөөр торгоно.
  • Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно.

Асуулт: Маргагч тал хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд ямар үр дагавар үүсэх вэ?

Цэцийн хуралдаанд оролцогчдоос хүрэлцэн ирээгүй бол түүний шалтгааныг тодруулна.

Маргагч тал хуралдаан болох газар, байр, сар, өдөр, цагийн тухай албан ёсны мэдэгдэл авсан боловч хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй, өөрийн нь эзгүйд асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрснөө бичгээр ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно.


http://e-khutuch.mn/guide/print/15/301/all