ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Цэцийн шийдвэр

Цэцийн шийдвэр

Хуулийн зохицуулалт

Цэцийн шийдвэрийн хэлбэр

1.Цэцийн шийдвэр нь дүгнэлт, тогтоол, магадлал гэсэн хэлбэртэй байна.

2.Цэц Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт; мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан маргааныг дахин хянан шийдвэрлэж тогтоол; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан маргаан болон дунд, их суудлын бүрэлдэхүүнтэй хуралдааны явцад шийдвэрлэсэн асуудлаар магадлал гаргана.

Цэц шийдвэр гаргах

1.Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавьсан шаардлагыг бүрэн хангах буюу хэрэгсэхгүй болгох, эсхүл зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргана. Ийнхүү шийдвэрлэхдээ гагцхүү хуралдааны явцад батлагдсан баримт нотолгоог үндэслэнэ.

2.Хуралдаанаас гаргах дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар; маргааныг эцэслэн шийдвэрлэхээр дахин хянаж байгаа хуралдаанаас гаргах тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргана.

3.Цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг нэн даруй уншин сонсгоно.

4.Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана.

 

Цэцийн шийдвэрийг мэдээлэх

1.Цэцийн шийдвэрийн товч агуулгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд нэн даруй мэдээлнэ. Цэцийн хаалттай хуралдааны шийдвэрээс шаардлагатай хэсэг, заалтын агуулгыг нийтэд мэдээлнэ.

 

Цэцийн хуралдааны тэмдэглэл

1.Цэцийн хуралдааны явцыг тасралтгүй, үгчлэн тэмдэглэнэ.

2.Цэцийн хуралдааны тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:

1/хуралдаан болсон он, сар, өдөр, газар, байр, хуралдаан эхэлсэн, дууссан цаг, минут;

2/хуралдаан даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;

3/маргагч талууд болон бусад оролцогчдын нэр, эрхэлсэн ажил;

4/хянан шийдвэрлэсэн маргааны утга;

5/хуралдааны бүрэн явц;

6/маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, гэрч, шинжээчээс гаргасан мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, хүсэлт, асуулт, хариулт;

7/хуралдааны явцад гарсан зарим асуудлыг шийдвэрлэсэн ам магадлал;

8/бусад.

3.Зөвлөлдөөний тэмдэглэлийг хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлнө.

4.Хуралдааны тэмдэглэлийг хөтлөх техник хэрэгслийг ажлын алба хангана.

5.Тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

Цэцийн шийдвэрийг биелүүлэх

1.Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн яам, маргагч талуудад тус тус хүргүүлнэ.

2.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор; хэрэв Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон, дайны байдал зарласнаас бусад асуудлаар гарсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

3.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.

4.Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.

 


http://e-khutuch.mn/guide/print/15/302/law