ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх ажиллагаа

Нэхэмжлэл -Энэ нь хууль болон гэрээний үүргийг биелүүлээгүйгээс өөрт учирсан эдийн ба эдийн бус хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүхэд хандаж гаргасан баримт бичиг юм. Нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно.

Хуулийн зохицуулалт
    1. ИХШХШтХуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.” гэж заасны дагуу та шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийг шүүхэд үлдэх хувь болон хариуцагчийн тоогоор  хувилж өгөх ба Нэхэмжлэл нь дараах бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай. / ИХШХШтХуулийн 62 дугаар зүйл/
  • нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;
  • нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;
  • нэхэмжлэлийн үнэ
  • хавсаргасан баримт бичгийн жагсаалт. /Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /заавал/ эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт-улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх талаар зөвлөгөө, мэдээлэл хэсгээс үзнэ үү,  Нэхэмжлэгч нь иргэн бол иргэний үнэмлэхний, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариотоор баталгажуулсан хуулбар, Урьдчилан шийдвэрлүүлсэн талаар нотолсон баримт-тухайлбал, талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ, Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэсэн бол шүүгчийн захирамж, мөн та ИХШХШтХуулийн 32.1-д заасны дагуу өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болох бөгөөд ийнхүү нэхэмжлэлийг төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа бол итгэмжлэлийг заавал хавсаргах бөгөөд ИХШХШтХуулийн 32.5-д зааснаар харин та өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй болохыг анхаарна уу. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг тань төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ./
Асуудлыг шийдвэрлэх байгууллага
    1. Та шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байхаас гадна таны асуудлыг шийдвэрлэх байгууллага болох нэхэмжлэл гаргах шүүхээ сонгохдоо  дараах харъяаллын дагуу гаргана: /ИХШХШтХуулийн 14-16 дугаар зүйл/
  • Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.
  • Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.
  • Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
  • Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлбэл зохих газрын шүүхэд гаргаж болно.
  • Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.
  • Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана.
  • Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргаж болно.
  • Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана.
  • Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Асуудлыг шийдвэрлэх дараалал: Таны нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан эсэхийг эхний байдлаар тухайн шүүхийн захиргааны ажилтан шалгаж, хүлээн аван ИХШХШтХуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу дотоод программын дагуу тухайн шүүхийн шүүгчид хувиарлагдангуут та тус ажилтнаас хувиарлагдсан шүүгчийн туслахын утсыг нь аван утсаар холбогдож иргэний хэрэг үүссэн эсэх талаар болон хаана очиж уулзахаа лавлаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, тэдгээр нь хуулийн шаардлага хангасан гэж үзвэл 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэн захирамж гаргана. /ИХШХШтХуулийн 66 дугаар зүйл/

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах
  • Шүүхээс  таны нэхэмжлэлийг дараахь тохиолдолд захирамж гарган хүлээн авахаас татгалздаг: /ИХШХШтХуулийн 65 дугаар зүйлийн 65.1/
  •  
  • хэргийн харьяалал зөрчсөн;
  • шүүхийн харьяалал зөрчсөн;
  • шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал
  • нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
  • нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
  • нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
  • зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
  • уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
  • хариуцагчийн хаяг тодорхойгүй;
  • зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
  • нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байвал.

Шүүгч ийнхүү дээрх үндэслэлийн аль нэгээр таны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал татгалзсан захирамж гаргахдаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгдөг тул та захирамжинд дурьдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг засан дахин нэхэмжлэл гаргах боломжтой. /ИХШХШтХуулийн 65.2/ Энэ тохиолдолд ИХШХШтХуулийн  59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу таны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг таньд тус шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Зөвлөгөө №1:

Та шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч хуульд заасан хувь, хэмжээгээр төлж баримтыг нэхэмжлэлд хавсаргах үүрэгтэй. Энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагын нэг чухал хүчин зүйл болдог бөгөөд нэхэмжлэлийнхээ үнийг дараах байдлаар тодорхойлдог. /ИХШХШтХуулийн 63 дугаар зүйл/

  • мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр;
  • эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр;
  • бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр;
  • гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр;
  • тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр;
  • үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр;
  • нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр;
  • үнэт цаастай холбогдох нэхэмжлэлд хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар;
  • тусгай зөвшөөрөл, тендертэй холбогдох нэхэмжлэлд тусгай зөвшөөрлийн, эсхүл тендерийн хураамжийн дүнгээр.

Өөрөөр хэлбэл та нэхэмжлэл гаргахдаа ямар хэмжээний хураамж төлөх вэ? гэдэг нь дээрх нэхэмжлэлийн үнэ буюу нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээс хамаардаг бөгөөд ийнхүү нэхэмжлэлийнхээ үнийг тогтоосны дараа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар дараах хувь  хэмжээгээр төлдөг. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 7 дугаар зүйл/

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

Харин эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөх бөгөөд шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлдөг./Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 41 дүгээр зүйлийн 41.1/

  • тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл;
  • патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл;
  • төсвийн байгууллагын нэхэмжлэл;
  • төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл;
  • гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл;
  • шүүхийн зардал төлөх хөрөнгөгүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлалаар шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэл;
  • гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл;
  • цэргийн алба хаагчаас цэргийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гаргасан өргөдөл, нэхэмжлэл;
  • хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл;
  • хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор, үнийг төлүүлэхтэй холбогдон гаргасан нэхэмжлэл;
  • Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл;
  • төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл.
  • захиргааны хэргийн шүүхэд хандаж нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл
  • прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл.
  • Монголбанкнаас гаргасан нэхэмжлэл.

Зөвлөгөө №2:

ИХШХШтХуулийн 58 дугаар зүйлд заасанчлан та нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгодог. Харин та шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд мөн таны төлбөрийн чадваргүй болох нь таны тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал таныг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөх боломжтой бөгөөд эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болдог.

Мөн таны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ИХШХШтХуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар  сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар та гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол таны урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгодог.  Гэхдээ тус заалтаас бусад тохиолдлоор та нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлийн шаардлагаа багасгах,  хариуцагчтай эвлэрэх /ИХШХШтХуулийн 106.4/, нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авч болно /ИХШХШтХуулийн 106.3/ гэж заасны дагуу нэхэмжлэлээ татан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг анхаараарай. /ИХШХШтХуулийн 59.5/ 

Зөвлөгөө №3:

Та шүүхэд өөрийн зөрчигдөж буй эрхээ өөрөө хамгаалан хэрэгжүүлэх буюу таныг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээд нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх шаардлагатай бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Дараах этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.  

  • Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй бөгөөд шүүх тус иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй. Харин насанд хүрээгүй иргэнтэй холбоотой хэргийг Иргэний хуулийн 16.3-т заасан үндэслэлээр хянан шийдвэрлэхдээ түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэдэг.
  • Иргэний эрх зүйн зарим чадамжтай түүнчлэн сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч шүүхэд хамгаална.

Зөвлөгөө №4:

Та иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа таны нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй шаардлага нь иргэний хэрэг үүсгэх эсэх болон иргэний хэргийн шүүхэд хамаарах маргаан эсэхийг эхлээд нь шалгах нь зүйтэй ба дараах үндэслэлээр иргэний хэргийг шүүх үүсгэдэг. /ИХШХШтХуулийн 13 дугаар зүйл/

  • эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;
  • бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл;
  • онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт;
  • Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол;
  • хуульд заасан бусад үндэслэл.

Мөн Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ. Харин талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.

Асуулт1: Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гадаад валютын ханшийг хэрхэн тооцдог вэ?

Хариулт1: ИХШХШтХуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно.

Асуулт2: Би 2017 онд найздаа 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн юм. Гэвч найз маань өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул би шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаяг нь тодорхойгүй улмаас гаргаж чадахгүй цаг хугацаа алдсаар байна. Иймд би нэхэмжлэлээ хэрхэн хаана гаргах вэ?

Хариулт2: Та юуны өмнө ИХШХШтХуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заасны дагуу найзыгаа эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын харъяа иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах бөгөөд тус хуулийн 14.5-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг. Энэ тохиолдолд таны шүүхэд гаргах хүсэлтэнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг байна.


http://e-khutuch.mn/guide/print/16/306/all