ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх ажиллагаа

Нэхэмжлэл -Энэ нь хууль болон гэрээний үүргийг биелүүлээгүйгээс өөрт учирсан эдийн ба эдийн бус хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүхэд хандаж гаргасан баримт бичиг юм. Нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно.

Хуулийн зохицуулалт
    1. ИХШХШтХуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.” гэж заасны дагуу та шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийг шүүхэд үлдэх хувь болон хариуцагчийн тоогоор  хувилж өгөх ба Нэхэмжлэл нь дараах бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай. / ИХШХШтХуулийн 62 дугаар зүйл/
  • нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;
  • нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;
  • нэхэмжлэлийн үнэ
  • хавсаргасан баримт бичгийн жагсаалт. /Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /заавал/ эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт-улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх талаар зөвлөгөө, мэдээлэл хэсгээс үзнэ үү,  Нэхэмжлэгч нь иргэн бол иргэний үнэмлэхний, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариотоор баталгажуулсан хуулбар, Урьдчилан шийдвэрлүүлсэн талаар нотолсон баримт-тухайлбал, талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ, Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэсэн бол шүүгчийн захирамж, мөн та ИХШХШтХуулийн 32.1-д заасны дагуу өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болох бөгөөд ийнхүү нэхэмжлэлийг төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа бол итгэмжлэлийг заавал хавсаргах бөгөөд ИХШХШтХуулийн 32.5-д зааснаар харин та өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй болохыг анхаарна уу. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг тань төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ./

http://e-khutuch.mn/guide/print/16/306/law