ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажиллагаа хамаарна.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Таны нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэг үүсгэсэн өдрөөс хойш шүүгч хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулах бөгөөд хариуцагч таны нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Харин хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэдэг.  /ИХШХШтХуулийн 72 дугаар зүйл/

Мөн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таны шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх зорилгоор хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагыг хангасан байх шаардлагатай ба улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна. /ИХШХШтХуулийн 73 дугаар зүйл/

Ийнхүү хариуцагч сөрөг нэхэмжлэл гарган түүнийг нь шүүх хүлээн авсан тохиолдолд дээрх журмын дагуу нэхэмжлэгч буюу таньд сөрөг нэхэмжлэлийг гардуулан хариу тайлбар ирүүлэх 14 хоногийн хугацааг мөн олгон уг хугацаа дууссаны дараа хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурлыг товлодог.


http://e-khutuch.mn/guide/print/16/307/decide_order