ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажиллагаа хамаарна.

Асуулт1:  Манай компани “Х” ХХК-иас 70,000,000 /далан сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл тус компаний дансыг уг мөнгөн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж болох уу?

Хариулт1: Боломжтой. Та шүүхэд  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээнүүдээс хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг хэрэг үүсгэх үед буюу үүсгэсний дараа захирамж гаргуулан авах эрхтэй. /ИХШХШтХуулийн 69 дүгээр зүйл/

  • хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх;
  • хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох;
  • хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох;
  • нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах;
  • тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах.

Гэхдээ таны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч дээрх арга хэмжээ авсны улмаас өөрт учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой тул та өөрийн гаргасан нэхэмжлэлийг хангагдах магадлалыг тооцоолж уг хүсэлтийг гаргах нь таныг дараа нь үүсч болох эрсдэлээс сэргийлэхийг анхаарна уу.

 Уг арга хэмжээг шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх бөгөөд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна. /ИХШХШтХуулийн 70 дугаар зүйл/

Асуулт2: Би худалдан авсан байрныхаа доголдолтой холбогдуулан гэрээний үнийг зөрүүг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд надаас гадна хэд хэдэн оршин суугчид тус шүүхэд хандсаныг мэдсэн. Иймээс бид ярилцаж байгаад хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул боломжтой юу?

Хариулт2: Боломжтой. Гэхдээ тухай хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн дагуу тухай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч шийдвэрлэдэг. Үүнд:

  • Нэхэмжлэгч хоорондоо холбоотой хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно. Нэгтгэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.
  • Хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой байвал тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно
  • Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно.

http://e-khutuch.mn/guide/print/16/307/faq