ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэргийг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

Хяналтын шатны шүүхээс хэргийн оролцогчдын хяналтын журмаар гаргасан гомдлын үндсэн дээр хуулийн хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хянах ажиллагааг иргэний хэргийн хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа гэнэ.

Хуулийн зохицуулалт

Хяналтын журмаар дараахь үндэслэлээр гомдол гаргана: /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2/

  • шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;
  • шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Улсын дээд шүүх иргэний хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3/

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд дараах ажиллагааг гүйцэтгэх ба та болон хэргийн бусад оролцогчид гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй. /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дүгээр зүйл/

  • Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
  • Хяналтын журмаар гомдол гаргахдаа та улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлнө.

Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэдэг бөгөөд Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:  /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дүгээр зүйл/

  • шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
  • шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  • магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
  • шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
  • шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.  /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 174.1 дүгээр зүйл/

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хяналтын шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр болно.

Асуулт 1: Хяналтын шатны журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал хэрхэн шийдвэрлэх вэ?

Хариулт1: ИХШХШтХуулийн 172 дугаар зүйлийн 172.3-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана. Харин хяналтын журмаар гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.


http://e-khutuch.mn/guide/print/16/310/all