ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь хэргийн оролцогчид субьектив эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо хамгаалах арга хэрэгсэл, хэмжээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу тодорхойлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хүрээнд зөвшилцөх зарчмаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эсвэл тэдгээрээс бүрэн татгалзах боломжтой ажиллагааг хэлнэ.

Асуулт 1: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хэрхэн тооцох вэ?

Хариулт1: ИХШХШтХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох буюу таны төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийг буцаан олгоно.

Асуулт2: Хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй юу?

Хариулт2: Эрхгүй. Та анхан шатны шүүхэд болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй.

Асуулт3: Би шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчтай эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж шүүхээс захирамж гарсан юм. Гэвч хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байна. Иймээс би ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт3: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд тус захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэдэг учир та уг захирамж гаргасан шүүхийн шүүгчдээ хандан гүйцэтгэх хуудас бичиж өгөх хүсэлт гарган шүүгчээс шүүгчийн захирамжийг гүйцэтгэх тухай захирамж болон гүйцэтгэх хуудас гармагц та шийдвэр гүйцэтгэх албанд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулуулах боломжтой.


http://e-khutuch.mn/guide/print/16/312/faq