ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Гэрлэгчдийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл түүний харъяалал, гэрлэлтийг цуцлахгүй орхих, түдгэлзүүлэх үндэслэл, журам, хүүхдийн тэтгэвэр, гэрлэгсэдийн эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээ зэрэгтэй холбогдуулан үүсэх шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах ажиллагааг Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа гэнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. /ИХШХШтХуулийн 126 дугаар зүйл/

 

Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болох бөгөөд мөн талууд маргааныг хэний оршин суугаа газрын шүүхэд шийдвэрлүүлэхийг тохиролцон тогтоож болно.

/Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн, гэрлэлт цуцлуулах шалтгаан, насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, сар, өдөр, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд асрамж тогтоох, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаархи хүсэлт, энэ талаар хоорондоо хэлэлцэн тохиролцсон гэрээ байгаа эсэхийг зааж, холбогдох нотлох баримтыг хавсаргана./

Ийнхүү Гэрлэлт цуцлах тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах бөгөөд дараах шийдвэрийн аль нэгийг гаргадаг: /ИХШХШтХуулийн 132 дугаар зүйл/

  • Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.
  • Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ. Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно.
  • Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана.

http://e-khutuch.mn/guide/print/16/313/decide_org