ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллааганы нэг төрөл бол хүсэлтээр үүсэх ажиллагаа буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд юм. Энэ нь ямар нэгэн эд хөрөнгө нэхэмжлээгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө зөрчигдөөгүй, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд гаргасан баримт бичиг юм.

Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: /ИХШХШтХуулийн 135.2/

  • садан, төрлийн холбоо;
  • бусдын асрамжинд байгаа эсэх;
  • төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал;
  • эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/ -т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх;
  • осол гэмтэл гарсан эсэх;
  • хүний ажиллаж байсан байдал;
  • хүүхдийн эцэг, эхийг тогтоох;
  • хүүхдээ тэжээн тэтгэх;
  • тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоох;
  • гэрлэлтийг хүчин төгөлдөр бус, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох;
  • хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах;
  • эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх;
  • нас тогтоох;
  • тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал.

Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэдэг.


http://e-khutuch.mn/guide/print/16/315/advice