ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллааганы нэг төрөл бол хүсэлтээр үүсэх ажиллагаа буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд юм. Энэ нь ямар нэгэн эд хөрөнгө нэхэмжлээгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө зөрчигдөөгүй, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд гаргасан баримт бичиг юм.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргах тухайд: /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйл/

  • Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа / оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.
  • Хорих ял эдэлж байгаа хүн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ ял эдэлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.
  • Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана. /Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзана./
  • Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэг зорилготой хоорондоо холбоотой хэд хэдэн хүсэлтийг шүүх нэгтгэж болно.
  • Хэрэв хүсэлт гаргагчид өөр өөр газар оршин суугаа бол тэдний сонгосон газрын шүүхэд, эсхүл үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргана.

Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйл/

  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана.
  • Сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулахыг хүсч байгаа зорилго, түүнчлэн иргэнийг сураггүй алга болсныг батлах байдал, эсхүл түүнийг нас барсан буюу амь үрэгдсэн гэж үзэх үндэслэлээ хүсэлтэд зааж, нотлох баримтыг хавсаргана.

Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлт гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дугаар зүйл/

  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага байгаа газрын шүүхэд гаргана.
  • Хүсэлтийг уг иргэний оршин суугаа буюу эмчлүүлж байгаа газрын шүүхэд гаргана.
  • Хүсэлтэд сэтгэцийн өвчний буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас уг иргэний өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа байдлыг тодорхой дурдаж холбогдох нотлох баримтыг хавсаргана.

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйл/

  • Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
  • Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна.
  • Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах түүнийг хянан шийдвэрлэх /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 146 дугаар зүйл/

  • Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газар тодорхойгүй бол хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
  • Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйл/

  • Эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг баримт бичгийг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргана.
  • Хүсэлтийг уг баримт бичгийг олгосон байгууллагын оршин байгаа газрын шүүхэд гаргана.
  • Хүсэлтэд уг баримт бичгийг эзэмшиж байсан этгээд ямар эрхтэй болох тухайгаа үндэслэж, түүнийг нотлох баримтыг хавсаргана.

Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлт гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 149 дугаар зүйл/

  • Эрхийн тухай маргаан байхгүй байхад иргэний бүртгэлийн байгууллага өөрийн бүртгэлд залруулга хийхээс татгалзсан тохиолдолд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргана.
  •  Хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд ямар зүйл буруу бичигдсэн, уг асуудлыг эрхлэх ямар байгууллага залруулга хийхээс хэдийд татгалзсаныг бичиж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хүсэлт гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 152 дугаар зүйл/

  • Хэргийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг хэргийг хянан шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих газрын шүүхэд тус тус гаргана.
  • Хүсэлтэд хэрэг буюу шийдвэр гүйцэтгэлийн материалын талаар тодорхой дурдаж, тэдгээртэй холбогдолтой баримт бичиг буюу түүний хуулбарыг хавсаргаh ба ИХШХШтХуулийн 154.1-д зааснаар Иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцдаг.

Хариуцагчийг эрэн сурвалжлах- Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл/

  • Энэ хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
  • Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйл/

  • Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана.
  • Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэргийн зохигчдод болон тухайн хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргасан бол түүний төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг мэдэгдэнэ.

http://e-khutuch.mn/guide/print/16/315/decide_org