ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн шүүх, шүүхэд хамаарах маргаан

Захиргааны хэргийн шүүх, шүүхэд хамаарах маргаан

Асуулт 1. Захиргааны байгууллага гэж ямар байгууллагыг хэлэх вэ?

Хариулт 1. “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн иргэдийн эрхийг хөндсөн захирамжилсан шийдвэр гаргадаг байгууллагыг захиргааны байгууллага гэж ойлгоно.

Асуулт 2. Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гэж юуг ойлгох вэ?

Хариулт 2. Захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ гэсэн 3 хэлбэрээр илэрнэ.

Захиргааны акт гэж Захиргааны байгууллагаас тодорхой тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Жишээ нь: Газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж, замын цагдаагийн торгууль, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж, хуульд заасан хугацаанд таны хүсэлтэд хариу өгөхгүй байх, татаварын  мэдэгдэл,  улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан үйлдэл гэх мэт.

Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан заавал дагаж мөрдөх актыг хэлнэ. Жишээ нь: Замын хөдөлгөөний дүрэм, Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам, аймгийн нутаг  дэвсгэрт Согтууруулах ундаа худалдан борлуулах журам, Арц, ургамлын суулгац тарих, хураах журам гэх мэт.

Захиргааны гэрээ гэж Захиргааны байгууллагаас бусад этгээдтэй байгуулсан гэрээг хэлнэ. Жишээ нь: Төрийн албаны үр дүнгийн гэрээ, дүүрэг, сумд Гэр цэцэрлэг ажиллуулах гэрээ, Дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг хоорондын гурвалсан гэрээ, Нисэх онгоц барих концессын гэрээ, Хот хоорондын нийтийн тээвэр гүйцэтгэх гэрээ, Бэлчээр ашиглуулах гэрээ гэх мэт.

Захиргааны хэргийн шүүхэд (1) захиргааны актыг илт хууль бус болгох, (2) хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж болно. 

Асуулт 3. Шүүхэд хандахын тулд яагаад заавал захиргааны байгууллагад хандах ёстой вэ?

Хариулт 3. Захиргааны ерөнхий хуулийн 9-р бүлэг 92-95 дугаар зүйлд зааснаар Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл та дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, эсхүл тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд тэдгээр байгууллага гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй. Захиргааны байгууллага таны гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзвэл захиргааны актыг хүчингүй болгох, өөрчлөх замаар иргэний зөрчигдсөн гэж үзсэн эрхийг сэргээх боломжтой тул Захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байхыг шаардана. Энгийнээр хэлбэл шүүхэд хандахгүйгээр захиргааны байгууллагын түвшинд тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад заавал шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэсэн санаа юм.  

Асуулт 4. Захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа захиргааны актыг гаргасан байгууллага нь хүчингүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах уу? Ямар байдлаар нэхэмжлэл гаргах вэ?

Хариулт 4. Хэрэв хүчингүй болгосон захиргааны акттай холбоотой таны ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт /хүчингүй болгосон акт/ хууль бус байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.


http://e-khutuch.mn/guide/print/17/238/faq