ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Нэг. Нэхэмжлэл гаргах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг, мөн хуулийн 15, 16-р зүйлд нэхэмжлэл гаргах харьяаллыг заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлийн 17.3-т зааснаар Нэхэмжлэл гаргаж байгаа хүн буюу та “нэхэмжлэгч” болно.

Нэхэмжлэлийг тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын Захиргааны хэргийн шүүхэд гаргана.

  • Нэхэмжлэлийг бичгээр гаргана,
  • Нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрөө, эсхүл төлөөлөгч гарын үсэг зурсан байна,
  • Хариуцагчийн тоогоор буюу маргаантай асуудлыг үүсгэсэн захиргааны байгууллага, албан тушаалтны тоогоор хувилсан байх,
  • Өөр хүнээр төлөөлүүлж нэхэмжлэлийг гаргаж байгаа бол итгэмжлэлийг хавсаргана.   
  • Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу нэхэмжлэлд заавал тусгах зүйлүүд:

  1. Захиргааны шүүхийн нэр;
  2. нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;
  3. хариуцагч /захиргааны байгууллага, албан тушаалтан/-ийн нэр, оршин байгаа газрын хаяг;
  4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;
  5. 70,200₮-н улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт;
  6. тухайн маргаан, нэхэмжлэлтэй хамааралтай өөрт байгаа баримт бичгүүд;
  7. холбоо барих утас, факс, цахим хаяг.

Шүүхэд нэхэмжлэл гаргахад “нэхэмжлэлийн шаардлага” буюу “таны шүүхээс яг ямар төрлийн, ямар агуулга бүхий шийдвэр гаргуулж, эрхээ хамгаалуулахыг хүсэж байгаа вэ” гэдэг хүсэл зориг чухал байдаг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн шаардлагуудын төрлийг зааж өгсөн. Доорх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.

Нэхэмжлэлийн шаардлага

Ямар асуудлын талаар нэхэмжлэлдээ дурдах

1.

- захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох,

- эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох

таны эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн

2.

захиргааны акт гаргуулахыг даалгах

3.

хохирол гаргуулах

захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас таньд ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх

4.

нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох

Тогтоолгосноор таньд ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг

5.

нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа бол

нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй

6.

захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох

ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн

 

 Хоёр. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлд тавигдах шаардлага, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгана.

Гурав. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1-т зааснааар Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:

  1. захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
  2. тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
  3. Захиргааны байгууллагад урьдчилан гомдол гаргаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;
  4. нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй;
  5. нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
  6. нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;
  7. нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
  8. шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

Дээр дурдсан үндэслэлүүдээс байгаа тохиолдолд Шүүгч “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гаргана захирамжид татгалзсан шалтгааныг заана нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засах талаар заана - нэхэмжлэлийг дахин гаргах эсэх талаар зааж нэхэмжлэлийг буцаана. 

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50.1-т зааснаар төлсөн улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авна.

Дөрөв. Захиргааны хэрэг үүсгэх.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-т “Дээр заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”. 

Мөн хуулийн 20.1.1-т зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэжлэлийн шаардлагаа ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдэлнэ.


http://e-khutuch.mn/guide/print/17/239/decide_order