ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасах

Нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасах

Хуулийн зохицуулалт

Захиргааны хэргийн шүүхийн ОНЦЛОГ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх өөрөө цуглуулах үүргийг гүйцэтгэдэг.

“Нотлох баримт” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-т зааснаар

  1. Шаардлага ба татгалзлыг нотлох,
  2. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,
  3. Хуульд заасан арга хэрэгслээр олж авсан
  4. Бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг хэлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2-т зааснаар  Нотлох баримт нь дараах хэлбэртэй байж болно.

  • хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар,
  • гэрчийн мэдүүлэг,
  • бичмэл, цахим баримт, баримт бичиг,
  • эд мөрийн баримт,
  • шинжээчийн дүгнэлт,
  • кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг,
  • ул мөрнөөс буулгаж авсан хэв,
  • үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,
  • шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22.4, 32.4, 33.1, 35.1-т зааснаар хэргийн оролцогч нь

  • нотлох баримт гаргуулах, нотлох баримтаас хасуулах,
  • шүүхээс нотлох баримтыг цуглуулахыг шаардах эрхтэй,
  • хилийн чанадад, эсхүл өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргаж болно.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Захиргааны хэргийн шүүх:

  • Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулна. / Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.1/
  • Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ. /ЗХШХШтХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2/
  • хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасна. /ЗХШХШтХ-ийн 32 дугаар 32.6, 101 дүгээр зүйлийн 101.4/
Асуудлыг шийдвэрлэх дараалал

..

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Захиргааны хэргийн шүүх НОТЛОХ БАРИМТЫГ байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй. Энэ тохиолдолд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд заасан хугацаанд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. /ЗХШХШтХ-ийн 32-р зүйлийн 32.2/

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122.1-т зааснаар шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг шаардан гаргуулсан гэж үзвэл нотлох баримт гаргуулах тухай захирамжид гомдол гаргах эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 761, 32.1-т зааснаар “нотлох баримтыг цуглуулах” үүргийг Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ. Иймд иргэн та өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөхөөс гадна захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргаж, нотлох баримтыг бусад хүн, хуулийн этгээдээс гаргуулах, шүүхийг нотлох баримт цуглуулахыг шаардах эрхтэй. 

Асуулт 1. Гаргасан нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт байхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар гомдлыг нотлох баримтыг нэмэлтээр гаргаж өгч чадаагүй бол хэрхэх вэ?

Хариулт 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 761, 32.1-т зааснаар “нотлох баримтыг цуглуулах” үүргийг Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх тул нэхэмжлэгч өөрт нь байхгүй, олж авч чадахгүй баримтыг олоогүй бол заавал нотлох баримт цуглуулж өгөх шаардлагагүй.

Асуулт 2. Шүүхэд өгөх нотлох баримт нь гадаад хэл дээр байж болох уу?

Хариулт 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4-т зааснаар “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна.”


http://e-khutuch.mn/guide/print/17/240/all