ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх

Хуулийн зохицуулалт

Нэхэмжлэгч иргэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзсэн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр /захиргааны акт-ийн үйлчлэлийг түр зогсоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. Үүнийг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх гэнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан хориглох нөхцлүүд байхгүй бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар хүсэлтээ гаргаж болно. 

Дараах тохиолдолд хүсэлт гаргаасн ч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй:

  1. бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол;
  2. хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол;
  3. захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн бол шийдвэр бол;
  4. үл маргалдах журмаар биелүүлэх шийдвэр бол.

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээр:

  • Иргэн, хуулийн этгээд захиргааны актын биелэлтийг дагаж мөрдөх шаардлагагүй,
  • Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актыг хэрэгжүүлэх эрхгүй болно,
  • Энэ нөхцөл байдал хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд үргэлжилнэ. 
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.-1-т зааснаар шүүгч тухайн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гаргана. 

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Нэг. Хүсэлт гаргана. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг өөрөө эсхүл төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно. /ЗХШХШтХ-ийн 62.1/

Хоёр. Шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг товлох. Шүүгч хүсэлтийг хүлээн аваад урьдчилсан хэлэлцүүлэг /нэг төрлийн хүсэлт хэлэлцэх ажиллагаа/ зарлаж, хянан хэлэлцэнэ. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1/

Гурав. Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хүсэлтийн үндэслэлээ буюу яагаад түдгэлзүүлэх шаардлагатай байгаа талаар тайлбараа хэлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулахгүй, бусад оролцогчдыг оролцуулан хийнэ. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.5, 70.6/

Дөрөв. Шүүгч захирамж гаргана. Хүсэлтийг хангаж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ, эсхүл гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Нэг. Хүсэлт гаргах. Гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэснээс хойш хүсэлтийг гаргах боломжтой. Эсхүл Шүүгчээс урьдчилан хэлэлцүүлэг зарласан тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгийн үед захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргаж болно.

Хоёр. Урьдчилсан хэлэлцүүлэг товлох. Хүсэлтийг хэзээ хэлэлцэх талаар тов /хэзээ болох/-ыг 3-аас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.3/  

Гурав. Урьдчилсан хэлэлцүүлэг хийх. Хэргийн бүр оролцогчдыг татан оролцуулснаас хойш 7 хоногийн дотор хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэнэ. 7 хоногийн хугацааг 1 удаа 10 хоногоор шүүгч хойшлуулж болно. /ЗХШХШтХ-ийн 70.1, 70.7, 70.8/

Дөрөв. Шүүгч захирамж гаргах. Шүүгчийн захирамжийг ажлын 3 өдрийн дотор бичгээр гаргана. /ЗХШХШтХ-ийн 111.2/

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлээгүй тохиолдолд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. /ЗХШХШтХ-ийн 122.1/

ЗХШХШтХ-ийн 122-р зүйлийн 122.6, 122.7-д зааснаар Гомдлыг хүлээн авснаас хойш давж заалдах шатны шүүх 10 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоол нь:

  1. шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
  2. шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг өөрчлөх;
  3. шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж шийдвэрлэнэ.

Тогтоол нь эцсийн шийдвэр болно.


http://e-khutuch.mn/guide/print/17/241/all